Даахгүй нохой булуу хураана гэж….

access_time 2026-10-30 12:07

Фейсбүүк компанийн Зукербергийг АНУ-ын иргэн цахим сүлжээний хүчирхийлэл дарамтыг зогсоож чадаагүй хэмээн шүүхэд өгсөн. Шүүхээс иргэний эрүүл мэнд, сэтгэл зүйг хамгаалж чадаагүй үндэслэлээр Зукерберг хэдэн зуун сая ам долларын өрөнд орж төлөхөөр болсон. Гэтэл Монгол улс иргэдийг нэг цахим хаягтай болгон төрөөс хамгаална гэв. УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийнхээ цахим хаягийг 14 хоног хамгаалж чадахгүй, давхар хаяг нээгээд сонгуульд унагаж байхад юу ч хийж чаддаггүй төр 1 сая гаруй иргэдийн цахим хаягийг хамгаалж чадна гэдэг юу л бол. Даахгүй нохой булуу хураана гэдэг л болох байх. Ядаж байхад улстөрчид нь иргэдийн татварын мөнгийг бариад Хонконгод очин нам, улстөрчдийг муулсан байгууллага, иргэдийн цахим хаягийг хаагаад өгөөч гээд гэрээ хийдэг нь ил болсон. Сүрдүүлэг, хараал доор хэвлэлийнхэн энэ мэдээллийг ил болгосон. Үнэндээ бол иргэдэд тролл баг ажиллуулах битгий хэл, сөрөг сэтгэгдэл олноор бичээд хүн муулаад суух зав байхгүй. Арай гэж авч яваа амьдрал, олдоггүй шатахуундаа анхаараад завгүй байдаг. Иргэд фэйсбүүк постоо бүүстлэх нь бүү хэл, промоте ч хийх мөнгөгүй суугаа. Харин нам улстөрчид дагасан троллууд, улстөрчдөөс мөнгөөр угждаг хэдхэн хүмүүс бүүст хийж, бусдыг доромжилж суудаг. Тэдний ард улстөрчид, намынхан байгаа болохоор төрийн байгууллагынхан мэдсэн ч мэдээгүй дүр эсгэдэг. Иргэд цахим хаягт нь асуудал үүслээ гээд төрд хандахаар албан бичиг аваад таг болдог. Асуудал шийдэж цахим хаягийг нь нээлгэх хүсэлт явуулсан эсэхийг харья гэхээр явуулсан имэйл ч үгүй, үзүүлэх нэг ч цаасгүй байдаг. Тиймээс бүүст хийж, like хэдэн мянгаар нэмж, гэрээ хийн, зуу зуугаараа нийлж тролл баг ажиллуулдаг мөнгөлөг өнгөлөг эрмүүддээ л анхаар. Тэдэнд хууль үйлчлэхгүй. Тэдний дохио зангаагаар бусдын хаяг ид шидтэй юм шиг хаагдаж, нээгдэж, хандалт нь унах нь бий. Энгийн иргэдийг шоглодог, хортой бүхнийг хийдэг цахимаар бусдыг доромжилдог хаягуудаа төр хараагүй байна гэдэг бол худал шүү. Хараагүй дүр эсдэг хүмүүстээ л хариуцлага тооц. 1932 он биш иргэдээ хянах гээд яахав. Мөнгөгүй ядуу иргэдэд мууг хийх зав байхгүй. Улстөрчдийн хүслээр иргэд амьдардаг нийгмийг бүтээх ёсгүй.

Шинэ мэдээ