Гэрэлтүүлэггүй, камергүй гудамжинд сураггүй алга бологсод

access_time 2026-11-16 09:45

Монгол улсын хэмжээнд 643 эмэгтэй ор сураггүй алга болсон. Долоо хоногт 53, өдөрт 7-8 хүн алга болдог гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна. Хамгийн сүүлд орон нутгаас 3, хотоос 1 дуучин эмэгтэй алга болсон ч одоо болтол олдоогүй. Алга болсон эмэгтэйчүүдийн ихэнхи нь 18-аас 54 насныхан байдаг. Үүнээс 25-34 насныхан 205, 35-44 насныхан 206, 45-64 насныхан 164 алга болсон байна. Эдгээр эмэгтэйчүүдийг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа аж. Харин иргэд автомашины торгууль тавих болохоор булан тохой бүрт ажилладаг камерууд хүн алга болохоор ажиллахгүй байна. Камергүй бүс рүү орсон гэсэн тайлбар хэлээд сууж болохгүй. Улс орондоо иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах ёстой. Гэтэл хэн дуртай нь иргэдийн зураг дарж цахим орчинд байршуулан зүй бус үйлдэл гаргадаг. Гудамжинд хэлэлгүй бусдын зураг дарснаас болж муудалцсан тохиолдол ч бий. Зургийг нь ашиглан хүний наймааны золиос болгохгүй гэх газаргүй. Гэтэл төрөөс юу ч хийж чадахгүй байна. Тиймээс цаашид энэ төрлийн хэрэгт оногдуулах хариуцлагыг хуулийн хүрээнд чангатгах хэрэгтэй. Гадаад иргэдийн тоо 51% нэмэгдсэн. Гаднаас ажиллах хүчин оруулж ирж буй компаниуд хариуцлагатай байж, төр хянах ёстой гэдгийг иргэд шаардаж эхэлсэн.Ажил хариуцсан дарга нар төв гудамжныхаа гэрэлтүүлгийг ч асааж чадахгүй, зам нь хальтиргаатай, гэр хороололд мухар гудамж олон байдаг гээд асуудал их байна. Ядаж гудамж талбайнхаа гэрэлтүүлэг, камерын тоог нэмж ард иргэддээ буян болж үз дарга нар аа. Цөөхөн Монголчууд сураггүй алга болоод, бусад хүмүүс надад хамаагүй гээд суугаад байж болохгүй биз дээ.Арга ядаад цагдаагийнхан алга болсон иргэдийн мэдээллийг өндөр үнээр авна гэдэг ч сураггүй хэвээр л байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдал, иргэдийн амь нас эрүүл мэнд энд яригдахгүй юм уу?

Шинэ мэдээ