Дуэт&Дуэль

access_time 2026-11-17 10:58

Сонгууль дөхөөд улстөрчид зодолдож эхэлсэн. Иргэддээ хайр зарлаад биш ажил, албан тушаалын төлөө зодолдож байна. МАН-ын 38:30-ын бүлгийнхэн дотроос Ерөнхий сайд асан Д.Занданшатар, ССАЖ-ын сайд асан С.Номинтой, Ерөнхий сайд асан Э.Оюун-Эрдэнэ, одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяртай, Ерөнхий сайд Н.Учрал, Д.Амарбаясгалантай, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хотын дарга асан Х.Нямбаатартай, ХЗДХ-ын сайд асан С.Амарсайхан хууль хүчний байгууллагын удирдлагуудтай тулалдаж байна. Харин сөрөг хүчнээс АН-ын ЕНБД С.Баярцогт, УИХ-ын Д.Мөнхбаясгалантай, АН-ын дарга Д.Цогтбаатар, ТЕГ-ын дарга Б.Хурцтай зодолдож байна. Тулаан нь ялагчгүй болсон. Нэгнийхээ но-г дэлгэж тавьсан хэргүүдийг нь хууль хяналтын шалгаж байна гэдэг ч үр дүн нь харагддаггүй. Шийдвэрлэж чадахгүй удаж байгаа. Арга ядсан намынхан нь зодолдоод байгаа нөхдүүдээ бүгдийг ажлаас нь чөлөөлөөд шалгуулах нь зөв гэдэг. Даанч Ерөнхий сайд Н.Учрал ажлаас нь чөлөөлж дөнгөхгүй, шийдвэр ч гаргаж чадахгүй байна. Бөөрөнхийлөөд байгаа болохоор намынх нь бугшсан идээ арилахгүй.Улстөрчид эрх ашгаараа барьцаалдагдсан гэдэг үнэн бололтой. Сонгууль дөхсөн үед Ерөнхий сайд намынхаа хэргийн эздээс салахгүй бол дуэт, дуэль тасрахгүй үргэлжилсээр л байх нь. Зодооны гол дүрүүд нэгнээ эрүүгийн хэрэг, газар нутгаа зарсан, асар өндөр дүнтэй авлига хээл хахуулийн хэрэгт буруутгадаг. Олон ч тендер, төслүүдийн хэдэн тэрбум, хэдэн их наядын гэрээ хэлцэл яригддаг ч хэрэлдэж хэрэлдэж хэдэн шараахай золиослоод дуусдаг. Өөрсдөө уснаас хуурай, ухаантай царайлж гараад хэдэн төр, яамд дамжаад сайдаар томилогддог. Дарга нар зодолдсны үр дүнд иргэд намд, улстөрчдөд итгэхгүй болсон. Ирэх сонгуульд чадварлаг, шударга улстөрч, шинэ мэдлэгтэй боловсролтой залуус гарч ирэхгүй бол иргэд халуун, хүйтэн жинг яаж ч тавьж мэдэх нь. Төр жолоодох, ард түмний амьдралыг авч явах гэдэг улс төрийн шог драмаар хэмжигдэх ёсгүй. Ард түмний амьдрал ард нь чирэгдэж, эх орных нь эдийн засаг хүндэрч, залуус ажилгүй, аж ахуйн нэгжүүд орлогогүй байсаар байх уу.

Шинэ мэдээ