100 мянган хүн зэрэг галзуурчихна гэж байх уу?

access_time 2026-11-17 10:52

УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн Хууль бус хөрөнгийг хураах хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэ хуулийг хэлэлцэхгүй 550 хонож байгаа. Яаж ч шаардсан улстөрчид тоохгүй орхисон. Гэтэл иргэн төрийн албан хаагч 100 сая төгрөгийн хууль бус хөрөнгө олсон бол бүх насаар нь хорих өргөдөл санаачилсаныг 100 мянган хүн дэмжсэн байх юм. Асар их тэвчээртэй гурван сая хүн нэг дор цугларчихна гэж байх уу. Авлигачдад дарлуулсаар суух уу гэж ард иргэд цахимаар нэгнээсээ асууж байсан. Үүнтэй адил 100 мянган хүн зэрэг галзуурчихна гэж байх уу гэж асуухаар нэг өргөдлийг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэхээр болсон байх юм. Тэрбум, их наядаар идсэн авлигачдад хариуцлага тооцож чадахгүй хэрнээ эдийн засаг нь хүчрэхгүй, шорон нь ч багтааж дийлэхгүй, хэдэн мянган авлигач жараахайг бүх насаар нь хорьж татвар төлөгчдийн мөнгөөр тэжээж яах гэсэн юм бол. Насаар нь хорино гэдэг бол 100 мянган хүн зэрлэг сэтгэхүйтэй болсны илрэл. Төрийн албан хаагчдын тал хувь нь давхар гэр бүлийн бизнес эрхэлдэг нь үнэн. Шинэ орсон залуус л арай гэж цалингаараа амьдралаа залгуулж байгаа байх. Бусад нь давхар бизнес эрхлээд татвараа нуусан, гэр бүлийнхэн нь асуудал үүсгэсэн тохиолдолд бүх насаараа хоригдоно. Татвар төлөгчдөд тэднийг тэжээх мөнгө байхгүй. Юмны наад цаадахыг ойлгож зарим асуудалд хандах хэрэгтэй. Түүнийхээ оронд Ерөнхий сайд Н.Учралын хэлсэн шиг авлигад авсан мөнгийг нь нугалуулж төлүүлээд татвар төлөгчдийн мөнгийг буцааж олж авья. Хөөн хэлэлцэх хугацаа нэрээр мөнгө зувчуулдгийг зогсооё, буцааж төрд авах боломжгүй болсон зарлага гэж байхгүй гэсэн бол арай өөр байх байлаа. Хэрэгждэг бол бүр гоё шийдвэр байх байлаа. Даанч хэрэгжихгүй хэдэн арван жил болж байна. Улстөрчид энэ боломжийг ашиглан өрсөлдөгчдөө намнана. Загас жараахай л дарамтална, хорино, өөрсдөө уснаас хуурай гарна өөр ямар ч нэмэргүй. Төрийн албан хаагчийн эхнэр нөхөр нь нэгнээсээ орлогоо нуусан байхад гэр бүлийнх нь хүн бүх насаараа шоронд хоригдох нь. Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг хүн бүр үүнийг мэднэ.Холион бантан шиг хэрүүл болно. Шүүх нь ч гэр бүлийн 100 саяын хэрүүлийн өргөдлийг хэлэлцэж чадахгүй, хүлээж авсан ч өнөөгийн нөхцөлд бол шударга шүүж дийлэхгүй Авлигаа нуух гэсэн залилагчдад сайхан боломж болно. Ашиглана, зувчуулна, дуугардаг, өөрийг нь эсэргүүцдэг жараахай бүрийг төрөөс, замаасаа зайлуулна. Түмэн олон татвараараа тэд нарыг тэжээнэ. Гэтэл УИХ-ын дарга нь энэ өргөдлийг хоёр гараа өргөөд дэмжинэ гэдгээ хэлсэн байх юм. Бодвол зардлыг нь өөрөө гаргах юм байлгүй. Гэхдээ яахав ажлын хэсэг байгуулаад О.Алтангэрэл гишүүний санаачилсан Хууль бус хөрөнгийг хураах хуулийг оруулж ирэхийг ЗГ-т үүрэг болгосон. Нэгтгэж хэлэлцэх байх. Энэ үед гишүүд учраа мэдэхгүй дагаж намираад татвар төлөгчдийн мөнгөөр тоглохгүй, зөв хууль батална гэж итгэе.Хууль бус хөрөнгө хураах хуулиа л батал. Худлаа жүжиг өмнө тавиад хэрэггүй. Өөрсдөө авлигач бол үүнийг бүр ч сайхан өөрчилнө. Анхнаасаа авлига авахгүй байх нөхцлийг бүрдүүлж, төрийн хяналт чанга байж, шилэн дансаа төрийн байгууллагууд нь ягштал хөтөлж, аудит нь ажиллаж, төр нь хариуцлага тооцож, түмэн олон нь нээлттэй хянаж чаддаг байсан бол Монгол улс авлигад живэхгүй. Ард иргэд ядуурахгүй байсан. Ажил хийгээд ч нэмэр алгаа гээд залуус Монголоос дүрвэхгүй байсан шүү дээ. Өөрсдөө хийгээгүй ажлаа өөр хэнээр хийлгэх гээд ард түмний тархийг зарим улстөрчид худлаа угаагаад байгаа юм бол.

Шинэ мэдээ