Ерөнхийлөгчийн сонгуулийн тов ирэх сард тодорно

access_time 2026-11-24 11:46

Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг 12 дугаар сарын 30 гэхэд зарлана гэдгээ мэдэгдсэн. Урьдчилсан байдлаар 02 дугаар сарын сүүлийн долоо хоногт хийхээр яригдаж байгаа аж. Сонгуулийн сургаар улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж эхэлсэн. МАН нийт иргэдийн дунд санал асуулга явуулж нэр дэвшигчээ тодруулна гэсэн. АН дотоод сунгаагаа эхэлж нэр дэвшигчдээ эхний ээлжинд намын гишүүдээсээ асууж эхэлсэн бөгөөд мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэлсэн байна. ИЗНН, Хүн нам ажлын хэсэг байгуулж нэр дэвшигчээ тодруулна гэв. Харин Үндэсний эвсэл дэмжиж болохуйц нэр дэвшигч тодрох юм бол хамтарч ажиллан дэмжээд явна гэдгээ мэдэгдсэн. Намуудын гишүүд, фракцууд нэр дэвших боломжтой хүмүүсээ нэрлэж бор шувуу нисгэн иргэдийн саналыг цахимаар тандаж эхэлсэн. Эдгээр нэр дэвшигчид дунд хэлдэг хийдэг нь зөрдөг гишүүн, сайд хийж байх хугацаандаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх үүрэг гүйцэтгэсэн эрхмүүд, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй нэгэн ч багтсан. Сонгууль болсон хойно намуудын нэр дэвших боломжтой гишүүдийг аль хэдийн шоглож эхэлсэн. Ядаж Монголын эдийн засгийг сэргээх төлөвлөгөөтэй, хар тамхи, хүний наймааны бүлэглэлтэй тэмцэж чадах,хууль хяналтын байгууллага тойрсон хууль бус үйлдэл хийгчидтэй хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ харуулаад хариуцлага тооцож чаддаг нэгэн, хэлэх үгээ хэлчихдэг, хийх ажлаа ягштал хийдэг, гадаадын олон оронд эх орноо төлөөлж чадах мэдлэгтэй боловсролтой хүн нэр дэвших ёстой. Гэтэл одоогоор намаа дагаж намирсан, эдийн засгийг сэргээх чадваргүй, хоорондоо толхилцсон хэдэн гишүүдийн нэр яригдаж, хэлж буй үг нь үнэ цэнэгүй байна. Төрийг түвшитгэн жолоодож чадах зангарагтай нэгнийг Монголын ард түмэн сонгоно гэж итгэе. Гэхдээ намуудын нэр дэвшигч хэн байхаас сонголт мэргэн байх эсэх нь шалтгаална.

Шинэ мэдээ