Төрийн эрх мэдлийг ашиглан аж ахуй эрхлэгчтэй өрсөлдөхийг хориглоно

access_time 2026-01-30 10:10

Эдийн засгийн эрхчөлөөний тухай хуулийн төслийг боловсруулсан УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ. Төр нь эдийн засгийн харилцаанд оролцохдоо төрийн эдийн засгийг зохицуулах эрх мэдлийг ашиглан аж ахуй эрхлэгчтэй өрсөлдөхийг хориглоно.
Хувийн өмчийг дайчлан авах төрийн шийдвэр нь зөвхөн нөхөх олговор, үнэ бүрэн төлөгдсөн бол хэрэгжинэ.Аж ахуй эрхлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан аливаа санхүүгийн ачаалал, татвар, төлбөрийн зохицуулалтыг буцаан хэрэглэхийг хориглоно.
Төрийн байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй бол аж ахуй эрхлэхтэй холбогдох зөвшөөрлийг олгосонд тооцно.Төрөөс аж ахуй эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэхдээ хуульд заагаагүй баримт бичиг, нэмэлт мэдээлэл шаардахыг хориглоно.
Аж ахуй эрхлэгч төрийн хууль бус шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй бөгөөд төр гомдлыг тасралтгүй, шуурхай шийдвэрлэх, эрхийг сэргээх, нөхөн төлбөрийг барагдуулах үүрэгтэй.Монгол Улс олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад үндэслэлгүй саад тавихгүй бөгөөд төр үндэсний хууль тогтоомжийг олон улсын гэрээтэй уялдуулан, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаална.Засгийн газар энэ хуулийн хэрэгжилтийн талаар жил бүр Улсын Их Хуралд танилцуулж хэлэлцүүлэхээр тусгасныг мэдээллээ.

Шинэ мэдээ