Сонгуулийн зардлын зөвлөмж

access_time 2024-06-12 08:06

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцож буй нам эвсэл, нэр дэвшигчдэд зориулж, Сонгуулийн ерөнхий хорооноос зардалтай холбоотой асуудлаар зөвлөмж гаргажээ. Нэр дэвшигчид иргэн 10 сая төгрөг, хуулийн этгээд 30 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Хандив өгч байгаа иргэн нь нэр, хандивын эх үүсвэрийн мэдээлэл, регистрийн дугаарыг, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар, хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ гүйлгээний баримтад тусгана. Энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаах, буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ. Мөнгөн бус хандивыг зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 26-ныг дуусталх хугацаанд зөвхөн тухайн нэр дэвшигчид өгнө. Мөнгөн бус хандивын үнэлгээг зах зээлийн дундаж ханшийг үндэслэн гэрээгээр хэмжээг тогтоож, уг үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна. Сурталчилгаа явуулах зориулалтаар зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргана. Хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг 2024 оны зургаадугаар сарын 25-нд нийтэд ил тод мэдээлж, Үндэсний Аудитын газарт хүргүүлнэ. Хууль зөрчсөн нь шийдвэрээр тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хороо дараагийн сонгуульд оролцоход нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болно гэжээ.

Шинэ мэдээ