Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 300 айлын орон сууц ашиглалтад орлоо

access_time 2022-07-25 10:11

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд өнөөдөр 300 айлын орон сууц ашиглалтад орлоо. Төсөл гүйцэтгэгч “Баганат өргөө” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өмнөх онуудад 1000 айлын орон сууцыг хүлээлгэн өгсөн. Тус аж ахуйн нэгж нийт 5000 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаж 2500 айлын орон сууцыг хүлээлгэн өгөх юм. Ингэхдээ олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламж, автомашины зогсоолыг давхар шийдэж, хоёр сургууль, хоёр цэцэрлэг төлөвлөсөн. Нэг цэцэрлэгийг өнгөрсөн жил ашиглалтад оруулсан. Нийт 30.3 га талбайн 4.7 га талбайд барилга байгууламж, дөрвөн га талбайд авто зам, 16 га талбайд ногоон байгууламж бий болгох юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд одоо 43 аж ахуйн нэгж 53 хэсэгчилсэн талбайд үйл ажиллагаа явуулж байна. Жилд 1500-1800 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол энэ жил 4500-6000 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Шинэ мэдээ