Монгол улс боловсруулаагүй түүхий эдээс хамааралтай байна

access_time 2022-06-29 11:07

Монгол Улсын эдийн засаг 2020 онд 4.6 хувиар агшиж, 2021 онд 1.4 хувиар өссөн бол 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 3.8 хувиар агшжээ. Экспортын 92 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Энэ нь манай эдийн засаг анхан шатны, боловсруулаагүй түүхий эдээс хэт хамааралтайгаас шалтгаалж байна. Нэмүү өртөг шингэсэн, хөдөө аж ахуйн болон бусад бүтээгдэхүүний экспорт багатай. Түүхий эдээс хэт хамааралтай байдал нь эдийн засгийн өсөлтийг тогтворгүй болгож, энэ нь дундаж давхарга үүсэх, ядуурал буурахгүй байх, уул уурхайн бус үйлдвэрлэл, бизнес хөгжихгүй байх үндсэн шалтгаан болж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон.
Урсгал тэнцлийн алдагдал сүүлийн 10 жилийн дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 19.5 хувьтай тэнцэж байгаа нь гадаад өр нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болжээ. Нөгөө талаар эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгаагаас ядуурал дорвитой буурахгүй байгаа юм. Хэдийгээр манай улс сүүлийн 14 жилийн хугацаанд гадаад худалдааны нийт 4.7 тэрбум ам.долларын ашигтай байсан боловч урсгал дансны үйлчилгээний тэнцлээр -15.5 тэрбум, анхдагч орлогын тэнцлээр -14.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь нийт урсгал данс 28.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлсэн буюу энэ хугацаанд гадаад өр мөн хэмжээгээр буюу 27.1 тэрбум ам.доллароор өсжээ. Манай улс сүүлийн 14 жилд зэсийн экспортоос 21.4 тэрбум, нүүрснээс 22 тэрбум, нефтиэс 4.4, алтнаас 7.1, төмрийн хүдрээс 5.8 тэрбум ам.доллар буюу нийт экспортын 73.8 тэрбум ам.долларын орлого олсон. Гэвч нөгөө талдаа энэ хугацаанд хүнс 7.1 тэрбум, автомашин 5.1, бензин шатахуун 13.5 тэрбум гэх мэт нийт 69.1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолж, үүний дээр гадаад улсуудад тээврийн үйлчилгээнд 3.2 тэрбум, аялал жуулчлалд 3.6 тэрбум гэх мэтээр нийт 15.5 тэрбум ам.доллар үйлчилгээний төлбөр төлжээ.
Эдгээр үүссэн өр төлбөр нэмэгдэхийн хэрээр гадагшаа зээлийн хүү, хөрөнгө оруулалтын ногдол ашигт төлдөг төлбөр нэмэгдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн 14 жилийн хугацаанд зээл, бондын хүүд 6.4 тэрбум ам.доллар, хөрөнгө оруулалтын ногдол ашиг, хүүгийн төлбөрт 7.8 тэрбум ам.доллар төлсөн байна.

Шинэ мэдээ