Д.Сарангэрэл: Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол жил бүр нэмэгдэж байна

access_time 2018-02-09 10:02

Эрүүл мэндийн салбарынхны удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн тавьсан илтгэлээс онцлох хэсгийг нь хүргэж байна. 

-Хүн амын дунд зонхилж улмаар нас баралтын гол шалтгаан болсон элэгний   хорт хавдар, элэгний хатуурал үүсгэж буй В, С вирусын халдварын илрүүлэг шинжилгээний эхний шатны үйл ажиллагааг зохион байгууллаа. Үзлэгт 40-65 насны 353 мянган иргэн хамрагдлаа. Түүнээс 31088 иргэнд хепатитын В вирус, 58545 иргэнд хепатитын С вирусын халдвар илрүүлжээ. С вирусын халдварын эсрэг эмчилгээнд нийт 20 гаруй мянган хүн орлоо. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн эхний шатны үйл ажиллагаанд 16.2 тэрбум төгрөг эрт илрүүлэг, оношилгоо,  эмчилгээнд зарцууллаа. Ирэх 2018 онд дээрх насны бүлгийн үлдсэн иргэд болон 2-р шатанд хамрагдах 15-39 насны 1.2 сая иргэнд үзлэг шинжилгээ хийнэ.

Цусны хорт хавдрын эмчилгээний эмийг 100 хувь улсын төсвөөс, томуу, томуу төст өвчний үед 5 хүртэлх насны хүүхдэд хэрэглэх эмийг эрүүл мэндийн даатгалаас хариуцаж, хепатитийн В, С вирусыг эмчлэх эмийг  эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож байна.

            -Гадаад   улсад явж эмчлүүлдэг байсан мэдрэл, зүрх судасны мэс засал, хавдар, эх барих, эмэгтэйчүүд, үргүйдлийн чиглэлээрх 7 өвчнийг эх орондоо бүрэн оношилж, эмчлэх боломжтой боллоо. 

  –2017 онд Улсын төсвийн хөрөнгөөр шилжих 19 барилгын санхүүжилт хийгдэж 9   барилга ашиглалтад оруулж, 93 их засварын ажлыг дуусгалаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 225 автомашин эрүүл мэндийн байгууллагуудад олгожээ.

 -Өнгөрсөн онд улсын хэмжээнд эхийн эндэгдлийн 20 тохиолдол /Баян-Өлгий, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймаг болон Улаанбаатар/ бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 21.7 пунктээр буурсан үзүүлэлт юм. Хэдийгээр эхийн эндэгдлийн тохиолдол буурсан ч энэ чиглэлд анхаарах шаардлагатайг дээрх тоо баримт харуулж байна. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол жил бүр нэмэгдэх хандлагатай байгаад онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй. Энэхүү үзүүлэлт нь жирэмсний хяналтын чанар хангалтгүй байгааг илэрхийлэхийн сацуу хүн амын дунд БЗДХ-ын тархалт өндөр байгааг ч мөн харуулж байна.

-Нэг хүртэлх насны хүүхдийн 1009, тав хүртэлх насны хүүхдийн 1244 эндэгдлийн тохиолдол бүртгэгдэж, эндэгдэл өмнөх онтой харьцуулахад буурсан  ч  /Архангай, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд  Хөвсгөл, Хэнтий/ зэрэг зарим аймагт улс, аймгийн дунджаас өндөр байна. Хүүхдийн эндэгдлийн хувьд сэргийлж болох, тухайлбал, осол гэмтлээс үүдэлтэй эндэгдлийг эрс бууруулах боломжтойг судалгааны дүн харуулсан байдаг. Жилд 500 гаруй бяцхан үрсээ зөвхөн автомашины ослоор алдаж байгаа гашуун мэдээлэл байна.

ДЭМБ, олон улсын хамтарсан экспертүүдийн манай улсад хийсэн судалгаагаар 40-65 насны 700 гаруй мянган иргэн байгаагийн талаас илүү нь архи тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр даралт ихсэх, зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчинд нэрвэгдэж эрүүл мэндийн хувьд эрсдэлд орох магадлалтай байгаад одооноос анхаарч урьдчилан сэргийлэх  шаардлага тулгарч байна. 

-2017 онд хүн амын нас баралтын 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэний 20 орчим хувийг харьцангуй сэргийлж болох нас баралт эзэлж байна. Эрүүл мэндийн 2017 оны статистик мэдээллээр хүн амын дунд артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижинг илрүүлэх үзлэг 60-70 орчим хувь байгаа хэдий ч урьдчилан сэргийлэх үзлэг  30 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

-2017 онд 28 төрлийн 44300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдлээ. 2016  онтой харьцуулахад энэ тоо 20 шахам мянгаар буурчээ. Улаан-бурхан өвчний дэгдэлт буурсантай холбоотой халдварт өвчин ийнхүү буурсан ч цусан суулга, рикетсиоз буюу хачиг, шавьжаар дамжсан халдвар, салхин цэцэг, тэмбүүгийн тохиолдол нэмэгдсэн байна.

Халдварт өвчний дунд БЗДХ, Сүрьеэгийн өвчлөл харьцангуй өндөр байна. Ялангуяа өвчлөл 20-35 насны залуучуудын дунд өндөр байгаа нь энэ өвчний талаарх ойлголт, сургалт, мэдээлэл, нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх, залууст хүрэх тэрхүү арга барилаар зохион байгуулах, сургагч багш бэлтгэх, үе тэнгийн залуусын манлайлал, үлгэр дууриаллаар дамжуулан хийх нь зүйтэй. БЗДХалдвар нийт халдварт өвчинд 40 гаруй хувийг эзэлж байгаад дорвитой арга хэмжээ авч ажиллах ёстой.

-Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийг авч үзвэл хувь хүний амьдралын хэвшил, зан үйлээс 55-60 хувь нь, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага  зэрэг бусад салбар, орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдах байгууллагын үйл ажиллагаанаас 25 хувь нь, эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилтнаас 10-15 хувь нь,  төрөлхийн болон удамшлын хүчин зүйлээс 5 хувь нь шалтгаалдаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судлан тогтоосон байдаг. Иймд хүн бүр өөрийн болон гэр бүлийн гишүүдээ, ажил олгогч бүр “үнэт капитал” болсон хүнээ, орон нутгийн удирдлагууд орон гэргүй, ядуу, эмзэг бүлгийн иргэдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулж, Дэлхий дахины Тогтвортой хөгжлийн зорилт болох “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэн ажиллахыг Эрүүл мэндийн яам ч та бүхэндээ уриалж байгаа юм.

Шинэ мэдээ