Дэлхийн жүдогийн аваргууд “Улаанбаатар их дуулга-2022”-д оролцоно

access_time 2022-06-20 15:02

Монгол Улс өмнө нь 2009-2012 онд “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээн, 2013-2016 онд “Улаанбаатарын гран при” тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан түүхтэй бол таван жилийн дараа Олон улсын жүдо бөхийн холбооны Дэлхийн цуврал тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахад бэлэн боллоо.
Монголын Жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар их дуулга-2022”-д 29 орны 276 тамирчин оролцоно. Олимпын хошой аварга Оно Шохей, Олимп, дэлхийн аварга Таканори Нагасе, Дэлхийн аварга Ёшида Цүкаса тэргүүтэй Японы хүчирхэг шигшээ баг ирнэ. Жүдо өндөр хөгжсөн БНСУ, Франц, Герман, Монгол Улсын шигшээ багийн хувьд зохион байгуулагч орны давуу эрхээр дүрмийн дагуу жин тус бүрд дөрвөн тамирчин өрсөлдөнө. Монголын шинэ залуу тамирчид “Улаанбаатар их дуулга”-ын татамид гарч, дэлхийн шилдгүүдтэй тулж, туршлага, ур чадвараа ахиулах юм. Тухайлбал, Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр, Ё.Басхүү, Олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нарын шилдгүүд эх орныхоо дэвжээнд ур чадвараа сорино.
Итали, Израйл, Их Британи, Нидерланд, Казахстан, Узбекстан тэргүүтэй орнуудын шилдэг шигшээ багууд оролцох юм. Мөн Олимпын хошой аварга Чехийн Лукаш Крпалек, Дэлхийн хошой аварга Португалын Хорхе Фонсека зэрэг аваргууд шигшээ багуудаа ахалж, 2024 оны олимпын эрхийн анхны төлөө барилдана

Шинэ мэдээ