Бусад орны ажилчид монголчуудыг “харх” гэж нэрлэдэг

access_time 2018-02-08 13:43

                                                                    -Солонгосыг зорьсон тэмдэглэл-

Улаанбаатараас хөөрч, гурван цаг гаруй ниссэний эцэст Өмнөд Солонгосын Бусаны нисэх онгоцны буудалд газардав.Солонгост амьдарч, ажиллаж, сурч байгаа монголчууд болон тус улсын соёл уламжлал, хөгжлийн нууцийн тухай сурвалжлага бэлтгэхээр анх удаа зорин очиж байгаа нь энэ юм.Бусаны онгоцонд монголчууд цөөн байлаа. Ихэвчлэн солонгос иргэд байсан нь учиртай. Тодруулбал, Бусаны гааль дээр шалгалт их байдаг гэсэн ам дамжсан ярианаас болж монголчууд аль болох Инчоноор нисэхийг илүүд үздэг аж. Өнгөрсөн онд БНСУ руу зорчих хүсэлтэй 120 гаруй мянган хүн виз мэдүүлжээ. Мэдээж эдгээр хүний 80-аас дээш хувь нь ажиллах сонирхолтой байдаг аж. Тийм ч учраас хилээр аятайхан даваад Солонгосын газар нутаг дээр хөл тавьчих юмсан гэсэн багахан айдас онгоцоор зорчиж байгаа дийлэнх монголчуудад буй нь анзаарагдана.Энэ удаад хил гаалийн ажилтнууд түргэн шуурхай үйлчилж, бүх монгол хүн ямар ч бэрхшээлгүй Солонгосын хөрс шороонд хөл тавив.

Анх удаа зорчиж байгаа хүмүүсийн хувьд хил давсан ч тайвшрах болоогүй. Тус улсад 2, 3 дахь удаагаа зорчиж байгаа хүмүүс аргаа олоод ажил, гэр, сургуулийн зүг мордоно. Харин анх удаа ирж байгаа хүмүүсийн хувьд тосч авах хүн байхгүй бол аргаа олох гэж багагүй зүдрэнэ. Хэдийгээр найз нөхөд, таньдаг хүн байлаа ч тэр бүр онгоцны буудлаас тосч аваад байх боломж хомс гэнэ. Үндсэндээ бүтэн өдрийн ажлаа алдах хэрэг гарна. Мөн дарга даамлууд нь чөлөө зөвшөөрөл өгөх эсэх нь бэрхшээлтэй. Үүнээс гадна өөр хотоос очиж тосч авах бол замын зардал гээд овоо хэдэн “цаас” урсах жишээтэй. Тиймээс ихэнх хүн онгоцны буудлын таксфоноос очих газар руугаа холбогдож бүдэг бадаг зам заалгах, хамт яваа монголчуудаасаа тусламж хүсэх зэргээр аргаа олно. Хаа очиж Солонгосын нийтийн тээвэр нь өндөр хөгжсөн, ойлгомжтой, үйлчилгээ сайтай тул зүг чигээ сайн заалгуулаад хөдөлвөл төөрч будилаад ч болов гэрээ олоод оччихдог тухай монголчууд ярьж байв. Мөн Солонгосын нисэх онгоцны буудалд газардахад нь тосч аваад байрлах газар нь хүргэж өгдөг үйлчилгээ үзүүлдэг монголчууд олон аж. Хувийн тэрэгтэй. Хаана хүргэж өгөхөөс нь хамаарч 50-аас дээш мянган воны төлбөр авдаг байна. Зарим хүний хувьд амар хялбараа бодож энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүстэй эртнээс холбогдож өөрийгөө “даатгуулдаг” байна.

                                                                         АЖИЛ ХҮНД Ч ЦАЛИН НЬ УРАМТАЙ

Энэ удаагийн сурвалжлагаар монголчууд Солонгост хэрхэн ажиллаж, амьдарч байгааг түлхүү хөндөхийг зорилоо. Дараа дараагийн нийтлэлүүдэд бусад сэдвийг хөндөн бичих болно.

Ажил. Ихэнх монгол хүний Солонгосыг зорьж байгаа шалтгаан нь энэ аж. Нисэх онгоцны буудлаас ямар нэг аргаар төөрч, будилж явсаар найз нөхөд, хамаатан, эсвэл хуучны танилынхаа хаяаг бараадсан нэгэн сая нэг амс хийнэ. Ингээд авчирсан бэлэг сэлтээ барьж, хоол унд болсны дараа ямар ажил хийх вэ гэсэн сэдэвт шуурхайлан орно. Хэн хүнгүй л гурван сарын хугацаанд цалин өндөртэй, аятайхан ажил хийгээд буцах хүсэлтэй. Эрчүүдийн хувьд цалин мөнгө нь найдвартай бол юу ч байсан чадна хэмээн зүтгэнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд зочид буудлын үйлчлэгч, үйлдвэр зэрэг газруудад түлхүү “хуваарилагддаг” бололтой.Солонгосыг зорин очиж ажиллаж байгаа хүмүүс хоёр хэлбэрээр ажилтай болно. Эхнийх нь тогтмол ажилд орох явдал юм. Харин нөгөө хэсэг нь өглөө бүр самшил буюу хөдөлмөрийн бирж дээр очиж ажил олоод оройд нь цалингаа авахыг илүүд үзнэ. Энэ тохиолдолд ажилд зуучлагчид цалингаасаа багахан хэмжээний татвар төлдөг байна. Ер нь Солонгост монголчуудаас гадна Ветьнам, Энэтхэг, Узбек зэрэг хөгжил буурай орны олон арван үндэстнүүд хөдөлмөр эрхэлж байна. Бас болоогүй тус тусын зах зээлээ эзэлчихсэн байх жишээтэй. Монголчуудын хувьд нүүлгэлт, барилгын материал, тавилга зөөх зэрэг хүнд хүчир ажлуудад түлхүү зүтгэнэ. Солонгос захирлууд нь ч ийм хүнд ажлууддаа монголчуудаас өөр хүн бараг авахгүй. Манайхан ч хийгээд сурчихсан байдаг бололтой. Цаад эзэд нь монголчууд хүчтэй гэж “хошгируулах”-аа мартахгүй.

Тус улсад ирээд гурав дахь хоногтоо ажиллаж байгаа Г хэмээх залуутай ярилцав. Ажил хэр байна гэхэд толгой сэгсэрлээ. Барилгуудад элс, чулуун хавтан, цемент зэрэг материал зөөж оруулдаг байна. Уг нь цалин өндөр. Өдрийн 120 мянган вон. Монгол төгрөгөөр бараг 240 орчим мянга болох гэнэ. Гэхдээ ажил хүнд тул гурван хоног болоход шантарч эхэлж байгаагаа нуусангүй. Харин хамт ажиллаж байгаа монголчууд долоо хоног л тэсчих, тэгвэл ажилдаа дасаад аргаа барилаа олоод ирнэ хэмээн зоригжуулдаг байна. Гэнэт хүнд ажил хийснээс болж нүдний орчим, нуруун дээр нь хэд хэдэн хатиг гарчээ. Монголоос авчирсан “бартай” наалтыг том гэгч нь хайчилж наажээ. Харин сар хэртэй ажилсан “архаг”-уудын хувьд ажилдаа хэдийн дасч, шинэ хүнд сургааль айлдахтайгаа болжээ. Нэг нь “Манайхан эхний долоо хоногтоо жаахан шантардаг юм. Түүнээс цааш аргаа олоод ажилдаа дасчихана” хэмээн ярилаа. Мөн бусад орны ажилчид монголчуудыг “харх” хэмээн хочилдог тухай хэлэв. Яагаад хэмээн асуухад “Монголчууд ямар ч юманд амархан дасчихдаг. Халуун хүйтэн, хүнд хүчир бүх зүйлд амархан дасдаг болохоор тэгж хочилдог юм” хэмээв.

Хүнд хүчир гэлгүй хөлсөө дуслуулан зүтгэж таван “цаас” хурааж байгаа нэгэн олсон хэдээрээ ууж идээд дуусгадаг нь ч цөөнгүй аж. Өдөржин ажиллаж олсон хэдэн воноороо орой нь архидаж бараад сарын эцэст арай гэж байрны түрээс, хоолны мөнгөө цуглуулж амждаг нөхөд байгааг толгой сэгсрэн ярьсан. Эх орон, энэ бие, гэр бүлээ гэх сэтгэлгүй, зүтгэлгүй хүмүүс хүний нутагт нэрээ баасдаж байгаа нь тун харамсалтай. Бас агсам согтуу тавих, ааш авир ихтэй монголчууд ч байгааг хэлсэн. Хүн нэрээ тогос өдөө гэдэгсэн бил үү.

                                                                БОЛОМЖ ХААНА БАЙНА ТЭР ЗҮГТ ТЭМҮҮЛНЭ

Солонгост уулзсан монгол хүн бүрийн амнаас “Эх оронд минь шударга ёс тогтоосой, ажлын байртай байж хүний хөдөлмөрийг үнэлээсэй, улстөрчдөд нь хүн чанар төлөвшөөсэй” хэмээн хэлж байсныг уламжлая. Өглөө эртлэн босч, үдэш хүртэл борив бохис хийлгүй ажиллаж байгаа олон монгол хүнийг хараад тэдэнд буруу өгөхийг хүссэнгүй. Хүний нутагт жаргалаа хөөлөө хэмээн зэмлэх эрх алга. Үхэхийн цагт Монголд очиж ясаа тавих уу хэмээн тавлах боломж ч үгүй юм. Учир нь тэд хөдөлмөрлөж байна. Монголын төрд найдах итгэл нь алдарч, харийн нутаг руу харласан, шарласан нэр зүүж тэмүүлж байгаа нь тэдний буруу биш мэт. Солонгост байгаа монголчууд ажлыг хийсэн шиг хийх, аливаад хариуцлагатай хандах, бусдын итгэлийг алдахгүй байх нь ямар чухал болохыг бие, сэтгэлээрээ мэдэрч, ойлгож байна. Солонгосын гудамжаар үдэш орой ч тайван алхаж болно. Харин Монголд бол халамцуу залуусыг санаандгүй мөрөлчихвөл зодуулах нь баараггүй. Солонгост цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр утсаа мартаж яваад эргэж санаад хүрээд ирвэл байсан байрандаа л байж байна.Харин Монголд аль эрт эзнээ олсон байна. Тэгвэл Солонгос дахь эдгээр эерэг хандлагууд монгол залуусаар дамжин эх оронд минь шингээсэй хэмээн бодож байсныг нуух юун. Энэ мэт олон эргэцүүлэл төрж байв. Дараа дараагийн нийтлэлүүдээр энэ тухай дэлгэрэнгүй хөндөх болно.

Шинэ мэдээ