Б.Баатарсүх: Шаардлагагүй үзлэг 70-80 хувийг эзлэж байна

access_time 2018-02-08 13:31

Нийслэлийн эрүүл мэндийн газрын албаны дарга Б.Баатарсүхтэй ярилцлаа.

Манай улсад хүйтрэхээр томуу, томуу төст өвчний тархалт ёс юм шиг нэмэгдэх юм. Бусад хүйтний улиралтай улс орнуудад ямар байдаг вэ?

Томуу, томуу төст өвчин бол ганц Монгол Улсын асуудал биш. Сэрүүн бүсийн дэлхийн хэмжээний тулгамдсан асуудал. Жил бүрийн есдүгээр сараас эхлээд тавдугаар сар хүртэл байгалийн жамаар хүйтний улиралдтархалт нь нэмэгдсээр байдаг. Ялангуяа, хүйтрэхээр амьсгалын замын өвчний дэгдэлт нэмэгддэг. Баруун Европ,  ОХУ, Хятад бүр тив алгасаад Австралид хүртэл томуугийн тархалтын асуудал хүнд байна. Ялангуяа өндөр настангууд дунд томуугаар өвчилбөл хүндэрдэг.Энэхүү байдлыг эмнэлэг болон нийгмийн бусад салбаруудын оролцоотойгоор шийдэхгүй бол хүнд.

Холбогдох эрүүл мэндийн байгууллагуудаас өвчилсөн хойно нь бус урьдчилан сэргийлэх арга хэмжээг дорвитой авдаг баймаар юм. Харамсалтай нь манай улсад энэ төрлийн арга хэмжээг олон нийтэд таниулах, мэдүүлэх нь дутмаг байдаг нь бодит үнэн. Уг нь томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж их байдаг шүү дээ?

Томуугаас урьдчилан сэргийлэх олон арга бий.Гол нь хувь хүнээс болон эмнэлгээс хамааралтай хэсэг байна. Цаашлаад нийгэм төр засгаас шалтгаалсан олон асуудал бий. Социализмын үед ч хүртэл олноороо томуу өвчин тусч, хүндэрч байсан. Хамгийн чухал нь эрүүл мэндийн байгууллагаас гадна хувь хүн өөрөө эрүүл мэндээ бодож анхаарах чухал. Иргэн урьдчилан сэргийлэхээсээ илүүтэй өвдсөн хойно нь эмнэлэг бараадаж, эрүүл мэндийн байгууллагыг буруутгахаа юуны түрүүнд тавьдаг болоод байна.

Эрүүл энхийн нэгэн жаргалан гэж үг бий. Хүн эрүүл байснаар юуг ч бүтээж чадна. Гэвч эрүүл аж төрөхөд хүндрэлтэй цаг үед бид амьдарч байна шүү дээ?

Эрүүл мэндээ эрхэмлэх нь иргэн бүрийн үүрэг. Энэ бол зайлшгүй чухал зүйл. Мэдээж төрөл бүрийн боловсролын төвшин болоод нийгэм, эдийн засгийн байдлыг бас орхигдуулж болохгүй. Гэхдээ хамгийн гол нь тухайн иргэн өөрөө л хичээвэл ямар ч өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Манай улсын тухайд, аль насныхан илүүтэй томуу, томуу төст өвчний вирусээр халдварладаг вэ?

Томуугийн тухайд 0-9 насны хүүхдүүд их өвчилж байна. Бараг 80 хувийг энэ насныхан эзэлдэг. Тэр дундаа 1 нас  хүртэлх нь 30 хувь, 2-4 насныхан 30 хувь гэх мэт хүүхдийн физиологи болон дархлаа сулаас хамаарч өвчлөх нь элбэг. Мөн эрсдэлтэй бүлгийнхэн гэж бий. Жирэмсэн эмэгтэйчүүд, уушигны архаг хууч өвчтэй хүн, өндөр настан, ТҮК-ийн ажилтан, замын цагдаа бүр эмнэлгийн ажилчид өөрсдөө хүртэл эрсдэлтэй нөхцөлд хамаардаг. Манай улсдэлхийн томуу болон томуу төст өвчин тандалтын тогтолцоонд 2002 онд хамрагдсан. Манайд энэ төрлийн өвчний лаборатори хүртэл байна.Өөрөөр хэлбэл, тодорхой системтэй, тогтолцоотой болоод ямар вирус хаана байна гэдгийг тогтоодог чадалтай болчихсон. ХСҮТ-өөс гадна Дорнод, Орхон аймаг зэрэг олон газар томуугийн лабораторитай. Түүгээрээ7 хоног бүр сорьц авч, илрүүлж оношилдог. Нийслэлийн 26 өрхийн эмнэлэг дээр мөн томуу, томуу төст өвчний шинжилгээг 7 хоног бүр авдаг.

Эрт оношлох боломж бий ч иргэд хүндэрсэн үедээ эмнэлгийн байгууллагад ханддаг гэж ойлгож болох уу. Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэж ярьдаг. Шулуухан хэлэхэд, ээж бүр гэр бүлийнхээ “мэргэжлийн” эмч нь байдаг байх шүү?

Яг тийм.  Өө ханиалгаж байна тийм ханиадны эм зүгээр, эсвэл адууны махаар орооно гэхчлэн өвчнийг улам хүндрүүлж байж эмнэлгийн байгууллагад хандах нь түгээмэл. Энэ бол иргэдийн буруу. Томуу, томуу төст өвчний тухайд агаар, амьсгалын замаар дамждаг. Тухайлбал, хүн амын нягтаршил ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт өвчлөл харьцангуй их байна, энэ жилийн тухайд. Энэ сарын эхээр гэхэд нийслэлийн амбулаториар үйлчлүүлэгсдийн 11.3 хувь нь томуу болон томуу төст өвчнөөр өвдсөн байна. Хоёрдугаарт, түргэн тусламжийн дуудлагын ихэнх хувийг энэ өвчлөл эзэлж байна. Мөннэгдсэн эмнэлгүүдээр хэвтэж байгаа өвчтний амьсгалын замын өвчин хүндэрч байгаа нь хэд байна вэгэдгээр тогтооно.

Ер нь томуугаас хэрхэн сэргийлэх ёстой юм бэ?

Энэ төрлийн өвчнөөс сэргийлэх хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт вакцин. Нэг удаагийн вакцин тарихад тухайн хүн насан туршдаа дархлаатай боллоо гэж тооцдог. Зарим нь тухайн жилдээ томуу тусахгүйн тулд вакцин хийлгэж байна.Ер нь тогтмол вакцин хийлгэж байх нь их тустай. Цагаан цэцэг өвчнийг л гэхэд вакцин хийсээр байгаад устгачихсан. Мөн улаанбурхан гээд өвчинг вакцин хийгээд устгахчихлаа.

Гэхдээ улаанбурхан өвчин дахин сэдэрчихлээ шүү дээ?

Хэдэн сарын өмнө ийм тохиолдол гарсан. Иймээс вакцинжуулалтад анхаарах шаардлага гарч байна гэсэн үг. Сахуу татран, гахайн хавдар гэм мэт өвчний вакцинаар хүнд насан туршийн дархлаа тогтчихдог юм.

Тэгвэл томуугийн вакцин тогтмол хийлгэвэл ханиад хүрэхгүй гэсэн үг үү. Ер нь томуу болон томуу төст гэдэг нь хоорондоо ялгаатай юу?

Томуугийн вакцин хийлгэснээр энэ өвчнөөс жилийн хугацаатай 85 хувь орчим сэргийлнэ. Томуугийн А болон Б хүрээний вирусээр үүсгэгдэж байгаа өвчинг томуу гэдэг. Томуу төст гэхээр тэрнээс өөр вирус.Томуу өвчин нь илүү хүндрэл өгдөг аюултай учраас вакцин хамгийн түрүүнд тариулахыг зөвлөдөг. Уг вакциныг илүү эрсдэл ихтэй 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй,уушигны архаг суурь өвчтэй хүн, өндөр настан гэх мэт хүмүүс хийлгэх нь үр дүнтэй. Бусад орнуудын туршлага ч мөн тийм байдаг. Жилдээ 30-40 мянган хүнд вакцин хийлгэдэг. Харин өнгөрсөн жилийн тухайд нийслэлийн хэмжээнд 108 мянган хүнд хийсэн. Ингээд  бодоход чамгүй их хүрээг хамарч эрсдэлтэй хүмүүст вакцин хийсэн байна. Дараа жилүүдэд энэ тоогоо бага багаар ахиулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Вакцин бол ийм ач холбогдолтой.

Томуугийн вирус жил бүхэн өөрчлөгдөөд байна гэсэн зүйл сонссон. Дэлхийн хэмжээнд ч тэр.  Энэ ямар учиртай юм бэ?

Томуугийн А болон Б вирус гэдэг дэлхий улс орнуудын хэмжээнд тодорхой тархалт болон үе давтамжтайгаар идэвхжиж нэмэгддэг. Гэхдээ үүнийг эрдэмтэн судлаачид судалж үзээд ерөнхий чигийг нь гаргадаг. Жишээлбэл, энэ жилийн тухайд томуугийн А эсвэл Б вирус сэрүүн бүсэд дэгдэлт өндөртэй байна гээд түүнд зориулаад вакцин бэлдчихдэг. Дотроо олон төрөлтэй. Ийм жишгээр явдаг.

Вирусын дэгдэлт оргил үед сургуулийн хүүхдүүдийг амраасан нь нүдээ олсон шийдэл болжээ. Сурагчдыг амрааснаар энэ төрлийн өвчний гаралт өмнөх оны мөн үеийнхээс хэр буурсан бол?

Томуу, томуу төст өвчний жинхэнэ оргил үе нь 12 болон нэгдүгээр сар юм. Энэ үед хүүхдийн амралтыг сунгах болон тааруулна гэдэг их зөв бодол. Өөрөөр хэлбэл, өдийд хүүхдийн амралтыг зохицуулснаар ид дэгдэлт явагдах үеэс сэргийлж байна гэсэг үг. Жишээлбэл амбулаторын үзлэгээр тус өвчин 15 хувь хүрсэн тохиолдолд хөл хорио тогтоох сайдын тушаалтай. Ноднин Дорнод, Сүхбаатар аймагт13-15 хувь хүрсэн. Тэр үед аймгуудад хөл хорио тогтоосон шүү дээ.

Манайхан нялх хүүхдээ өвдсөн хойно нь өрхийн эмнэлэгтээ үзүүлэлгүй шууд эмнэлэгт хэвтчихдэг. Ер нь иргэдийн хэнэггүй зан нь ихэдссэн юм шиг. Энэ тал дээр таны бодол?

Тантай санал нэг байна. Бидний туршлагаар манай нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авахын ачаалал яг энэ хүйтний үед эрс ихэсдэг. Ялангуяа орой 17-24 цагийн хооронд эрс нэмэгддэг.Энэ байдлыг судлаад үзэхэд, ихэнхи тохиолдол нь тухайн эцэг эх ажлаасаа ирээд хүүхэд нь өвдсөн бол шууд Нэгдсэн эмнэлэгт очиж зохиомолоор ачаалал ихэсгэчихдэг. Жишээлбэл өдөрт 140 хүүхэд үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай хэвтэх нь 20-30 орчим байдаг. Шаардлагагүй үзлэг нь 70-80 хувь байдаг. Тэгээд ийм байдлыг зохицуулах гэж Эрүүл мэндийн газраас тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Жишээ нь 17-22 цаг хүртэл дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетын цагийг уртасгасан. Заавал нэгдсэн эмнэлэг дээр очиж ачаалал үүсгэх хэрэггүй. 2-рт, харилцаа холбоо хөгжчихөн энэ үед оройн 17-22 цаг хүртэл тусгай зөвлөгөө өгөх утас ажиллуулж байгаа. Хагас сайн өдөр 10-16 цаг хүртэл хүүхдийн кабинет болон тусгай утас нь ажиллаж байна. Мөн дүүрэг болон өрхийн эмч нарыг нэгдсэн эмнэлэг дээр нэмэлтээр гаргаад өгчихөж байгаа юм. Тэгэхээр ачаалалсүүлийн хоёр долоо хоногт харьцангуй буурсан үзүүлэлттэй байна. Нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 70-80 хувь буурлаа. Ийм үйл ажиллагаанууд явагдсны үр дүнд яг өнөөдрийн байдлаар 30-40 хувьл ачаалал нэмэгдсэн. Үүнд манай байгууллагаас зохион байгуулсан үйл ажиллагаанууд бий. Түүнчлэн Засгийн газраас 0-5 насны хүүхдийг гэрт нь эмчилвэл цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа. Энэ бол тал бүрдээ ашигтай шийдвэр. Эцэг эх цалингаа аваад гэртээ хүүхдээ эмчилчихнэ.

Зориулалтын агаар шүүгчийг хэрэглэх нь энгийн иргэдэд боломжтой юу.  Цаанаасаа тусгай аппарат байна уу?

Урьд нь утаажилтгүй байх үед өвөл ч гэсэн өдөрт 10-15 миниут хоёр удаа цонхоо онгойлгож агаар цэвэршүүлдэг байлаа. Одоо гадаа утаатай учир ямар ч арга байхгүй. Харин ч утаа оруулалгүй хамгаалах болоод байна. Иймд зориулалтын аппарат ашиглах нь зүйтэй. Энэ жилээс иргэд их өргөн хэрэглэж байна.Төрөөс ч мөн энэ тал дээр анхаарч сургууль,цэцэрлэг, эмнэлгүүдэд зориулалтын аппаратыг байршуулж эхэллээ. Одоогоор хүүхдийн эмнэлгүүд бүгд аппараттай боллоо. Утаажилт ихтэй дүүргүүдийн сургууль, цэцэрлэгүүдэд ч тавьж өгч байна.

А болон С витамин нь хүний дархлааг дэмждэг. Тэгэхээр тухайн хүний дархлаа сайн бол халдварт өвчин тусах магадлал бага гэсэн үг. Гэрийн нөхцөлд эдгээр амин дэмийг ямар хоол хүнсээр нөхөх боломжтой вэ?

А амин дэм дархлаа сэргээнэ. С амин дэм бол аньс, нэрс, чацаргана зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнд өндөр агууламжтай байдаг. Мөн аарцыг халуун бүлээнээр ойр ойрхон уух хэрэгтэй. С амин дэмийг онцлон хэлэхэд, томуугийн вирусыг устгахад ихээхэн нөлөөтэй нь шинжлэх ухаанаар батлагдсан.

Би нэг сонин юм асууя. Дээр үед нусны алчуурыг хүн бүхэн хэрэглэдэг халаасанд байх ёстой нэг зүйл мэтээр ойлгодог байлаа. Өнөө цагт зөвхөн соёлтой хүний хэрэглээ болон өөрчлөгдөж. Нус цэрээ гудамжинд нулимчихаад гараараа шударчихдаг. Энэ нь нян, вирус тараах нэг үндэслэл болдог байх даа?

Одоо бол надад байж л байна. Гэхдээ үүнийг өдөр нь хэрэглэчихээд орой нь угааж цэвэрлэх хэрэгтэй. Одоо бол алчуур хэрэглэдэг хүн цөөхөн харагдаад байна. Хуучин бол 10 жилд багш нар өдөр бүр нусны болон гутлын алчуур шалгадаг байсан. Хүүхэд бүр хэрэглээд хэвшчихсэн байсан. Одоо бол энэ хэрэглээ багасчихсан. Сургуулийн сурагчаас эхлээд цэцэрлэгийн багачуудад эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгтэй. Гэтэл манай сургууль, цэцэрлэгт ордог эрүүл мэндийн боловсролын хичээл маань 9 цаг байснаа 36 цаг болсон. Хичээлийг биеийн тамирын багш заана. Энэ нь системээрээ буруутай. Үүнийг өөрчилье, эрүүл мэндийн боловсролыг багаас нь олгоё гээд мэргэжилтнүүд янз бүрийн л юм ярих болж

Мэргэжлийн эмчийн хувьд, манай уншигчдад эрүүл мэндийн зөвөлгөө өгнө үү?

Утааны энэ улиралд амны хаалт зүүх хэрэгтэй. Үүний ач тусыг хүн бүр мэддэг ч хэрэгжүүлж байгаа нь цөөхөн харагддаг. Одоогийн нөхцөл байдалд амны хаалт хэрэглэхболомж бидний гарын доор байна шүү дээ. Наад зах нь л олдоц их, ямар ч төрлийнхийг хэрэглэж болохоор байна. Гэхдээ зарим хүүхэд багачууд хир болсон хар амны хаалт зүүгээд яваад байдаг. Энэ хамгийн буруу. Вирус үүсэх нөхцөлийг өөрсдөө бид бүрдүүлж байна гэсэн үг. Бидний яриад байгаа цаасан буюу нэг удаагийн амны хаалтыг гурван цаг л зүүх ёстой байдаг. Гэтэл манайхан халаасалж байгаад л дахин дахин хэрэглэх юм. Энд нэг зүйлийг онцлоход, дээхнэ үед заас гэж өвчин нэлээд олон оронд дэгдсэн. Энэ өвчин манай улс болон Хятад, Хонгонг, Сингапур, Тайвань гээд Азийн орнуудад маш өндөр хэмжээнд дэгдэж, онц байдал хүртэл зарлаж байв. Гэтэл өвчлөлтэй байсан бүх оронд амны хаалт хэрэглэж эхэлсэн. Тэгээд л энэ гамшигаас салсан түүхтэй. Тэгэхээр томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх үндсэн арга бол амны хаалтыг тогтмол хэрэглэх, гараа бохирдсон тохиолдол бүхэнд бүлээн усаар савандаж угаахыг зөвлөж байна.

Шинэ мэдээ