Аюул дагуулсан хүнсний аюулгүй байдал

access_time 2022-06-02 16:26

Эмээлт дэх “Эм Ди Си Пи” компани 175 тонн маханд бодис холин улсын хилээр экспортлох гэж байсныг МХЕГ-аас мэдээлсэн. Энэ мэдээлэл цацагдснаас хойш иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд цахимаар нөхцөл байдлын талаар газар дээрээс нь шууд цацалт хийж, орон нутгаас хулгайн замаар орж ирж буй мах махан бүтээгдэхүүнд хяналт тавихгүй байгааг төрийнхөнд сануулсан. Мөн олон нийт маханд муутгахгүй бодис хийн иргэдэд зарж байж болзошгүйг хэлж, цайны газар, хүүхдийн хоолны орцонд орж буй маханд тавих хяналтыг эрс чангатгахыг анхааруулсаар байгаа юм. Салбарынхан энэхүү дуулиан Монгол улсын махны экспортыг зогсоох эрсдэлтэйг сануулж буй бол олон нийт иргэд хорт хавдарт өртөх эрсдэл хүнсээр дамжиж бий болно. Цаашид махны захуудад мэргэжлийн лаборатори байгуулж, хяналт шалгалтын давтамжийг нэмэгдүүлэн тооцох хариуцлагыг чангатгах хэрэгтэйг хэлж байгаа юм.
Энэ маргаантай зэрэгцэн Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан мах бэлтгэх үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлэл өглөө.
– Мах бэлтгэх үйлдвэрүүдийн хяналт, шалгалтын ажлын хэсгийг холбогдох яамд, ШӨХТГ, цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн гээд томоохон бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газар томилсон.
Монгол улсад махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 173 ААН бий Эмээлтэд 32 ААН үйл ажиллагаа явуулж байна. . Үүнээс гадаад руу 61, Хятад руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр бий. Тавдугаар сарын 11-нээс хяналт, шалгалт хийж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 31 үйлдвэрээс 17-г нь түр хааж, лацадсан. Махны экспорт хийж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож нэг нэгээр нь эрсдэлийн үнэлгээ хийж, эрүүл ахуйн стандартыг мөрдөж байвал үйл ажиллагааг нь хэвийн ажиллуулна. Стандарт мөрдөөгүй бол зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна. Өмнөх шалгалтууд муу хийгдсэн байсан учир хоёр байгууллагын удирдлагуудыг сольсон. Олон нийтэд нээлттэй, иргэдийн оролцоотой, зохион байгуулалттай шалгалт хийж байна гэв
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж:
– МХЕГ-аас мал эмнэлгийн газартай хамтран төлөвлөгөөт хяналт шалгалтыг улирал, хагас жилээр хийдэг. Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд төлөвлөгөөт шалгалтыг хийгээгүй. Төлөвлөгөөт бус шалгалтыг 5-р сарын 18-наас улсын хэмжээнд махны үйлдвэрүүдэд хийж байна. “Эм Ди Си Пи компанид зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгээд байна. Махыг экспортлох зөвшөөрөлгүй.
“Өргөө Мийт” ХХКомпанийн үхрийн 8 тонн махны асуудал яригдаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага үүнд шалгалт хийж байна. Нэг бүрчлэн тоолоход дулааны аргаар боловсруулсан шошгогүй буюу хаяг, огноо байхгүй 20кг-аар савласан 464 хайрцаг буюу 9,3 тонн орчим мах, мөн 20кг-аар савласан 20 хайрцаг дайвар бүтээгдэхүүнээс Мал эмнэлгийн лабораториуд дээж аван шинжилж байна. Шинжилгээний дараа мах муудсан эсэхийг хэлэх боломжтой.
Эмээлтэд мах чанасан нь буруу. Лабораторид шинжлүүлэх ёстой. Лацыг прокурорын зөвшөөрөлгүйгээр иргэн, хөндлөнгийн хүн хөндөж болохгүй. Хэрэв зөрчвөл зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид хариуцлага хүлээлгэх асуудлыг дотооддоо шийднэ гэдгийг хэллээ.

Шинэ мэдээ