Тогтолцооны гажуудлыг эрх мэдэлтнүүд л бий болгодог

access_time 2022-05-27 15:15

Монгол улсад болж бүтэхгүй байгаа бүхнийг тогтолцооны гажуудал хоёрхон үгээр халхавчилж, ард нь хууль бус бүхнээ хийгсэд олон болсон. Тогтолцооны гажуудлын ард иргэд бус эрх мэдэлтнүүд, тэднийг тойрон хүрээлэгчид л бий болгодог. Тэд л хууль зөрчиж өөрсдөдөө зориулсан хууль санаачилж батлан, хүссэн заалтаа хуулинд оруулах гэж зүтгэн, хуулийн цоорхойг ашиглан хуудуутай бүхнээ хийсээр ирсэн нь нууц биш. Хуулиар хэзээ ч бүтэхгүй бүхнийг хүчээр авах гэж улайрдаг, болохгүй бол аж ахуйн нэгж, айл өрхийн амьдрал руу хуруу гараа дүрэн, нийгмийн орчин, иргэдийн амьдралыг өөрсдийнхөө хүсэл зорилгод нийцүүлэх гэж хүссээр ирсэн.Хөрөнгө мөнгө, нам, фракцийн эрх ашгийн төлөө улайрч,эрх мэдэл, албан тушаал, сандал ширээтэйгээ үхэн хатан зууралддаг Түүнийгээ тогтолцооны гажуудал гэдэг тэнэг үгээр халхавчилдаг. Нам нь гарсан бол манай намынхан мандаж, ард иргэд та бүхэн бидний хоосон амлалтыг хэзээ биелэхийг хүлээгээд суу даа гэх нь холгүй ийм л нийгэмд бид амьдарч байна.
Болохгүй бүтэх бүхнийгээ сонгууль дөхөхөөр л засна гээд сонгуулийн тогтолцоогоо өөрчилдөг. Өөрчилсөн тогтолцоог нь яаж ийж байгаад намынхаа эрх ашигт нийцүүлээд баталчихдаг ид шидтэй. Энэ удаа сонгуулийн пропорционал тогтолцоог холимог тогтолцоогоор өөрчлөх гэж зүтгэж байна. Гэхдээ Үндсэн хуулиндаа гар хүрэх үү үгүй юу гэдэг дээр маргасаар л сууна. Улс төр судлаачид Монгол улсын сонгууль мөнгөтэй хүмүүсийн тоглоом болж байна. УИХ-д нэр дэвшигчид 3-4 тэрбум төгрөг зарцуулж байж сонгогддог. Шударга үнэнийг төлөөлөх нэг ч хүн нэр дэвших боломжгүй байна. Тэдэнд их хурлын гишүүдийн халааснаасаа гаргаад шиддэг хэдэн тэрбум нь байхгүй. Тиймээс ард түмний 44%-ийн санал авсан МАН УИХ-д 65 суудал авсан байхад 33%-ийн санал авсан АН арав хүрэхгүй суудалтай байна. Эрх мэдлийн төвлөрлийг бууруулж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй. Нэг гишүүн улсын төсвийг батлахад оролцон 461 тэрбум төгрөг зарцуулах эрхтэй байна. Тиймээс гишүүдийн тоог 4 дахин нэмэх хэрэгтэй гэдгийг онцолсон.
Харин нөгөө хэсэг нь 2019 онд Үндсэн хуулийн Цэц буруу шийдвэр гаргаснаас болж энэ алдаа гарсан. Цэцэд орсон улс төрийн нөлөөллийг багасгаж байж бидний шийдвэр үр дүнд хүрнэ. Сонгуулийн тогтолцоог өөрчиллөө гээд улстөрчдийн ёс суртахуун, хүн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Улс төрчдийн соёл боловсрол, мэдлэг чадварт илүү анхаарах хэрэгтэй. Төлөвшөөгүй улстөрчид төрд гарснаас ямар уршиг дагуулж болохыг бид харж байна. Олон нам сонгогдох тогтолцоо нь гаднын эрх ашигт үйлчилж магадгүй гэдгийг УИХ-ын гишүүн асан А.Цанжид онцолсон.
Үүний хариуд цөөхөн гишүүд гаднын нөлөөнднь илүү байх уу олон нь автах нь илүү байх уу гэдгийг бодох хэрэгтэй. МУ-д хоёр танхимтай парламенттай байх нь хамгийн зөв шийдэл гэх зэргээр олон санал гарч байгаа юм. Ямартаа ч можаритор тогтолцоо олон намын төлөөллийг хангаж нэг намыг дангаар ноёрхон хүссэнээрээ авирлахыг хязгаарлана гэж ярилцсаар холимог хувилбарыг сонгох бололтой юм. Дөрвөн жилийн дараа дахиад сонгуулийн тогтолцоогоо өөрчилье гэж суухгүйн тулд дорвитойхон шиг ярилцаад зөв шийдэл гаргаасай билээ дээ.

Шинэ мэдээ