“Код бичих охидын хөтөлбөр” зарлагдлаа

access_time 2022-04-26 10:04

“Код бичих охидын хөтөлбөр” хоёр дахь жилдээ зарлагдлаа. Тус хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн нийт 50 охиныг гурван шатны сонгон шалгаруулалтаар сонгож, код бичих ур чадварыг олгоно.
“Код бичих охидын хөтөлбөр” нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг бэлдэх, бүс нутгийн тоон хуваагдлыг бууруулах, жендерийн тэгш бус байдлыг багасгах зорилготойгоор анх 2021 онд зохион байгуулагдсан юм. Өнгөрсөн жил тус хөтөлбөрт хамрагдсан 30 охины 10 нь дэлхийн томоохон их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байна. Тэдний хувьд зуны амралтаараа код бичиж сурсан нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад нь чухал түлхэц болжээ.
Хөтөлбөрийн бүртгэл 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Хөтөлбөрт бүртгүүлсэн нийт охид гурван шатны сонгон шалгаруулалтад тэнцсэний дараагаар тус хөтөлбөрт хамрагдах юм. Эхний шатны шалгуур нь:
Алслагдсан аймаг, сум, дүүрэг хороонд амьдардаг бөгөөд онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй;
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч
Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх
Ачаалал даах чадвартай
Зуны амралтын хоёр сарыг код бичих сургалтад зарцуулах сонирхолтой байх
Цаашид мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой байх
Хөтөлбөрийн эхний шатанд тэнцсэн охид хоёр дахь шатны сонгон шалгаруулалт буюу математикийн онлайн шалгалтыг өгнө. Үүний дараагаар ярилцлагад орсноор тус хөтөлбөрт хамрагдах боломжтой болох юм.

Шинэ мэдээ