Б.Бат-Эрдэнэ: Ялбагын хөндийд нөхөн сэргээлт нэрээр дахин газар УХУУЛАХГҮЙ

access_time 2022-04-04 10:09

БОАЖЯ-наас “Оюу толгой” ХХК-ийн байгаль орчны мэргэжилтнүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг голын хөндийд уул уурхайн болон бичил уурхай, хууль бус алт олборлолтын улмаас эвдрэлд орсон 334.7 га газрыг нөхөн сэргээх хүсэлт тавиад байсан. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих амлалтыг авсан “Оюу толгой” ХХК-ийн уурхайчид тус талбайд нөхөн сэргээлт хийхээр болсон юм.

Тэгвэл өнөөдөр (2022.04.01) “Эвдэрсэн газрыг нөхөн сэргээж, мод тарих чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол” Ялбаг голын хөндийд боллоо. Тус гурвалсан “Хамтран ажиллах гэрээ”-нд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жак ван Тондер нар гарын үсгээ зурлаа. Ингэснээр тус газрыг нөхөн сэргээх амлалт албажиж, ажил нь эхлэхээр болж байгаа юм.

“Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд нээлттэй тендер зарлан нөхөн сэргээлт хийх компанийг шалгаруулах, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцох нөхцөлөөр хангах боломжтой тухай дурдаж байлаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ

“Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн компаниуд мод тарих амлалт өгсөн. “Оюу толгой” компанийн хувьд амлалтынхаа хүрээнд Ялбаг голын хөндийн хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 334.7 га газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээ илэрхийлж, өнөөдөр гэрээнд гарын үсгээ зурж байгаад талархлаа илэрхийлье. Тус компани нөхөн сэргээлт, модны үр түүх ажилд нутгийн иргэдийг татан оролцуулахаар төлөвлөжээ. Мөн хоёр жилийн хугацаанд нөхөн сэргээлтээ хийсэн байхаар зорьж байгааг нь дуулгахад таатай байна.

Нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг “Оюу толгой” компани сонгон шалгаруулна. Энд дахин нөхөн сэргээлт хийх нэрийдлээр газар ухуулахгүй. Энэ тал дээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар анхаарч ажиллах шаардлагатай. Түүнчлэн алтыг нь аваад газрыг нь нөхөн сэргээгээгүй компаниудад хариуцлага тооцох, нөхөн төлбөрийг гаргуулахаар Байгаль орчин аялал жуулчлалын яам ажиллана.

Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дундажаас хэд дахин хүчтэй явагдаж байгаагаас хамаарч гол ус хатаж ширгэх, мөнх цэвдэг, мөстөл хайлах, хөрс бэлчээр доройтон цөлжих, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

2020 оны судалгаагаар нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120 сая.га талбай цөлжилт, газрын доройтолд өртөөд байна. Цөлжилт, газрын доройтлын 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн байна.

Цөлжилт, газрын доройтолд хүргэж байгаа үндсэн шалтгааны нэг нь хууль бус уул уурхайн олборлолтын улмаас эвдрэлд оруулж нөхөн сэргээлт хийхгүй байгаа зөрчил дутагдал юм.

БОАЖЯ-аас 2017-2018, 2020 онд улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллогыг зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээний үр дүнд улсын хэмжээнд нийт 30.7 мянган га талбай эвдрэлд орсон, түүнээс уул уурхайн ашиглалтын улмаас 28,940 га газар эвдэгдсэн ба үүнээс нөхөн сэргээх шаардлагатай орхигдсон талбайн хэмжээ 8,000 га байгааг тогтоосон.

Мөс цөмрөх аюултай байна.

Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 23 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 14 иргэний амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-50 см нимгэрч, хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн байна.

Цаашид ихэнх нутгаар цаг агаар дулаарах тул гол мөрөн, нуурын мөс улам нимгэрч, мөс хэврэгшиж мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүйн хэмжээнд байж чадахгүй тул сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна

 

Шинэ мэдээ