“Яамнаас банкинд нэрийг нь хүргүүлсэн ААН-үүд ноолуур, ноос, арьс шир бэлтгэлийн 3 хувийн хүүтэй зээл авах боломжтой”
ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдоржоос ноолуурын бэлтгэл хангамж, хөнгөлөлттэй зээлийн асуудлаар тодрууллаа.
– Малчид ямаагаа самнаад, ноолуураа борлуулаад эхэлжээ. Ноолуурын зах зээл дээр хоёр төрлийн эрх ашиг “зөрчилддөг”. Нэг талаас үйлдвэрлэгч түүхий эдээ хямд авахыг боддог бол нөгөө талд нь малчид үнэтэй борлуулахыг боддог. Энэ хоёр эрх ашгийг хангахаар ХХААХҮЯ-наас ямар бодлого барьж байна вэ?
– Өнөөдрийн тухайд зүүн аймгуудад ноолуураа самнаад, борлуулаад эхэлсэн байна. Зарим худалдан авагч, малчдын хооронд нэг кг ноолуурыг 120-150 мянган төгрөгийн хооронд гэрээ хийж борлуулсан гэх мэдээлэл байна. Ноолуур самналт дундаа орох үед жинхэнэ ханш тогтоно байх.
– Монгол Улсын Засгийн газраас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж 400 тэрбумын зээл олгохоор шийдвэрлэсэн. Зээлд хэн хамрагдах боломжтой вэ. Ямар шаардлага хангаж байж зээл авах вэ?
– Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд бол манай уул уурхайн бус стратегийн гол бүтээгдэхүүн. Энэ хүрээнд ноолуур бэлтгэлд 150 тэрбум, ноос бэлтгэлд 25 тэрбум, арьс, шир бэлтгэл үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээл олгохоор шийдвэрлэсэн.
Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэгчид зээлд хамрагдана. Өнгөрсөн жилийн хувьд ноолуурын зээлд гэхэд л самнахаас дээш шат дамжлагатай үйлдвэрүүд хамрагдаж байсан. Яг энэ хэлбэрээр үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд зээл олгоно. Манай яамнаас энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийн нэрсийг арилжааны банкуудад хүргүүлнэ. Ингээд тухайн жагсаалтад байгаа аж ахуйн нэгж банканд зээлийн хүсэлтээ гаргаснаар зээл эздэдээ хүрнэ. Зээлийн эх үүсвэр нь арилжааны банкнаас учир эрдлээ тооцож, ноос, ноолуур, арьс шир бэлтгэлийн зээлийн шаардлагыг арилжааны банкнаас тавина.
Ноолуурын үйлдвэрүүдэд 95 тэрбум төгрөгийн зээлийн олгосон
– Зээлийн зорилго нь мөн энэ салбарын экспортыг дэмжихэд чиглэж байгаа болов уу?
– Мэдээж. Одоогоор бид дотооддоо нийт түүхий эдийнхээ 20 гаруй хувийг л гүн боловсруулж, үлдсэн 80 орчим хувийг нь анхан шатанд боловсруулаад, экспортолж байна. Өнгөрсөн жилийн тухайд ноолуурын үйлдвэрүүдэд түүхий эдээ бэлтгэхэд нь дэмжлэг болгож 95 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдэж байсан.
Энэ жил дээрх зээлийг үргэлжлүүлэх Засгийн газрын тогтоол батлагдаж, гүн боловсруулалтын түвшинг ахиулах бодлого зорилтын хүрээнд үйлдвэрлэгчдээ дэмжих томоохон алхам хийж байна. Зээлд ноолуурын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд хамрагдах бүрэн боломжтой. Энэ дэмжлэгийн зорилго бол түүхий эдийн үнийг тогтвортой байлгах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, хөгжүүлэх, нэмүү өртгийн сүлжээг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх юм. Ингэснээр гадна талдаа экспортыг тогтвортой байлгах, ноолуурын салбарт тогтвортой үйлдвэрлэлийг бий болгоно. Дотооддоо ноолуурын үнэ тогтвортой байхад нөлөөлөх юм.
-Нэг кг ноолуурын үнэ цаашид өсөх үү, буурах уу, тогтвортой байх уу гэдгийг малчид болоод, үйлдвэрлэгчид нэлээд тодруулах юм. Үүнд хариулт өгнө үү?
– Ноолуурын үнийг ХХААХҮЯ-наас тогтоодоггүй, барьж, хянадаггүй. Цэвэр зах зээлийнхээ зарчмаар тогтдог. Бид бол дам утгаараа үнийг тогтвортой байлгахад, үндэсний үйлдвэрлэгчээ түүхий эдээр таслахгүй байхад бодлогын дэмжлэг үзүүлдэг. Энэ дэмжлэг бодит болж 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газраас гаргахаар шийдвэрлэлээ.
– Хөдөө аж ахуйн салбарын экспортын гол түүхий эд нь ноолуур. Гэвч гаднын томоохон тоглогчдод боловсруулалтын болон бэлтгэн нийлүүлэлтийн шатны технологи нь гологддог. Монгол ноолуурыг брэнд болгох, боловсруулалтын болон бэлтгэн нийлүүлэх шатны технологийг сайжруулах тухайд ямар ажил хийж байна вэ?
– Ноолуурын экспортын тухайд гаднын томоохон тоглогчид гарал үүсэл нь тодорхой, малын тавлаг байдлыг хангасан эсэх, бэлчээр ашиглалт нь ямар байв, ямаагаа самнахдаа малын тавлаг байдлыг хангасан уу зэрэг шаардлага тавьдаг болсон. Энэ шаардлагын хүрээнд бид “Хариуцлагатай нүүдэлчин” гэх стандарт баталсан.
Энэ стандарт дотор дээрх шаардлагуудыг тусгасан. Энэ шаардлага, стандартыг мөрдөж мөшгөх системийг Швейцарын хөгжлийн агентлагаас өнгөрсөн долоо хоногт манай яаманд хүлээлгэн өгсөн. Мөшгөх системийн ач холбогдол нь гаднын томоохон худалдан авагчдад манай ноолуурын гарал үүсэл, таваарлаг байдлын талаарх мэдээллийн “хөтөч” болох юм.
– Ноолуурын салбарт “Хаан ширхэгт” брэнд хөгжүүлэлтийг хийж байгаа шүү дээ. Энэ брэнд гаднынхны манайд тавьдаг стандартад нийцдэг биз дээ?
– Үйлдвэрлэлийн салбарт гэвэл, нэхмэлийн үйлдвэрлэгчдийн тогтвортой байдлыг хангах үүднээс үйлдвэрлэлийн стандартыг батлуулсан. Энэ стандартын үзэл санаа нь ногоон үйлдвэрлэлийг дэмжих юм. Байгаль орчинд ээлтэй, цахилгаан, усны хэмнэлттэй технологи ашиглаж байна уу гэх мэт шаардлагыг тавьдаг болсон.
Энэ стандартуудыг батлуулаад, хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ стандартыг хангах, батлах төсөл хөтөлбөрүүдийнхээ хүрээнд “Хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж байна. Энэ брэндийн тухайд Монгол ноолуурыг дэлхийн зах зээлд таниулах, хольцгүй, цэвэр ноолуур гэдгийг батлах зорилгоор “Хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж байна.
Монголын ноос ноолуурын холбооны дэргэд үүний баталгаажуулалтыг хийж байна. Энэ бүх тогтолцоог бэхжүүлснээрээ бид ноолуурын түүхий эдийн үнийг тогтвортой байлгах, дэлхийн ноолуурын зах зээлд гол тоглогч болох зорилгодоо ойртож байгаа юм.
Шинэ мэдээ
-
Гиперсоник пуужингууд хурдтай нисэх чадвартай зэвсэг юм.
2023-02-03
-
Элон Маскийн судалгаа
2023-02-03
-
IHC койны хувьцаа эзэмшигч нар шалгагдаж эхэллээ
2023-02-03
-
Сарын 10 саяас дээш цалинтай 1361 хүн цалингаасаа татвар төлнө.
2023-02-03
-
1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орно
2023-02-03
-
Нисдэг Плектрум
2023-02-02
-
Флоридагийн амбан захирагчийн соёлын довтолгоо
2023-02-02
-
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна
2023-02-02
-
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаас Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2023-02-02
-
Мөс цөмрөх аюултай байна болгоомжил
2023-02-02
-
Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулна.
2023-02-02
-
Аваргын дасгалжуулагч
2023-02-01
-
Хадан хясаанаас санаатайгаар нисгэсэн ч амьд үлджээ
2023-02-01
-
Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомт энэ онд ашиглалтад орно
2023-02-01
-
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2023-02-01
-
Гар утасны аппликейшнаар дамжуулан иргэдийг залилжээ
2023-02-01
-
Хан-Уул дүүрэгт шинээр 163 дугаар сургууль ашиглалтад орлоо
2023-02-01
-
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2023-02-01
-
Арктикийн хүйтэн шуурганаас болж 3 сая орчим оршин суугч хохирчээ.
2023-01-31
-
Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар төлөвлөжээ.
2023-01-31
-
Мөсөнд цөмөрсөн машинаас дөрвөн том хүн, нэг хүүхдийг аварчээ
2023-01-31
-
Аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварчээ
2023-01-31
-
Төмөр замаар энэ онд 2,4 сая зорчигч тээвэрлэнэ.
2023-01-31
-
Трамп гурав дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна
2023-01-31
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28