“Нийслэл хүрээ 110” үзэсгэлэнг нээлтээ хийлээ

access_time 2022-02-10 11:31

Нийслэл Улаанбаатар хотын үндэс суурь болсон Нийслэл хүрээг Монгол Улс сэргэн мандсан даруйд буюу тодруулбал 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Богд хаан зарлиг буулгаж, нийслэл хот болгон зарлан тунхагласны 110 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн байдал хуульчлагдсан баталгаажсаны түүхт ойг тохиолдуулан НЗДТГ, Нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэн гаргалаа.
1639 оноос хойш монголчуудын оюун санааны төв болон хөгжиж ирсэн Их Хүрээг Монгол Улсын нийслэл хот болгон, 110 жилийн өмнө буюу 1912 онд Нийслэл хүрээ хэмээн нэрийдсэн бол 1924 оны сүүлчээр хуралдсан Улсын анхдугаар Их хурлаас Нийслэл хүрээг Монгол Улсын нийслэл хот болохыг дахин баталж, нэрийг нь Улаанбаатар хэмээн өөрчилсөн байдаг..
“Нийслэл Хүрээ 110” архивын баримт, эд өлөг, гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. “Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлэг өнөөдрөөс эхлэн үндэсний хэмжээний өргөн нэвтрүүлгийн сувгууд, цахим сүлжээгээр үзэгчдэд хүрэх юм.

 

Шинэ мэдээ