Төрийн албанд 1000 хүнийг сонгон шалгаруулалтгүй томилжээ.

access_time 2021-12-22 16:20

Цар тахлын хууль хэрэгжих хугацаанд төрийн албанд 1000 хүнийг сонгон шалгаруулалтгүй томилжээ. Цаашид ч цар тахлын хууль  үргэлжлэн хэрэгжих учраас сонгон шалгаруулалтгүй төрийн албанд намынхаа гишүүдийг томилно. Хуулийн хэрэгжилтийн хугацаа зогсохоор ёс төдий сонгон шалгаруулалт явуулсан болоод өнгөрнө. Үүний үр дүнд ажлаа хийж буй ажилтан албан хаагчдыг сонгуулийн дараа хэдэн мянгаар нь дарамталсаар, халсаар ч ирсэн. Чадваргүй томилгооны эзэд нь бараа бүтээгдэхүүнийг төрд өндөр үнэтэй шахаж, хууль зөрчсөн үйлдэл хийдгийг АТГ-аас илрүүлж хэргийг прокурорт шилжүүлсээр байгаа. Шийдэгдэж байгаа нь цөөхөн, торгосон болоод өнгөрнө. Гэтэл УИХ-аас төрийн албан хаагчийн ёс зүйн байнгын хороо байгуулсан. Хууль бус үйлдэл хийсэн албан хаагчдад тооцох хариуцлага тооцно  гэж байна. Үнэндээ бол төрийн албан хаагчид гэхээсээ илүү ёс зүйгүй дарга нарыг сонгон шалгаруулалтгүй томилсны гай гарч байгаа нь тэр. Улс төрийн намууд хэдэн мянган гишүүнтэй гэдэг ч сонголтгүй сонголт хийж, намынхаа аль муу мөнгөний төлөө улайрсан, ёс зүй, хариуцлагагүй дарга нарыг хэлтэс, албадын дарга нараас эхлээд байгууллагын удирдлагаар томилдог.  Намын томилгооны хүмүүс намын ажлаа хийхээс төрийн ажлыг хууль дүрмийн дагуу хийх нь ховор. Хийсэн ч намын өнцгөөс ажил ярьж, албан хаагчдаа дарамталж аль намынх, хэний хүн бэ гэж хардана өө сэв олж гаргах гэж улайрна. Компьютер дээр нэг хуудас материал бүрэн живж чадахгүй хүмүүсийг хурган даргаар томилж, хамт олноо хардаж сэрддэг байгууллагын уур амьсгал эвдэгсэдийн тоог нэмнэ.  Удирдлага нь чадварлаг бол ажилчид нь ч хариуцлагатай ажиллаж, зөв сэтгэлтэй байж чадна.  Төрийн албыг цэгцэлж түмэн олон амгалан амьдрах боломжийг бүрдүүлье гэвэл төрийн дээр нам байдаг бус намаас илүү төрөө дээдэлдэг тогтолцоонд шилжүүлсэн нь амьдралд арай илүү ойртоно доо. Дараа нь хариуцлага энэ тэрээ ярихад болохгүй зүйл үгүй. Дарга нарын хуулийг өөрчилж болдог, иргэд нь хэлмэгддэг тогтолцоо хэзээ  үгүй болох юм бол.

Шинэ мэдээ