Монгол Улсын төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

access_time 2021-10-15 13:15

Монгол улсын төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн төсөлд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нийт зарлагын хэмжээг 18.2 их наяд  төгрөг буюу 38.8 хувь, төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөгөөр огцом бууруулж, -2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөжээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тооцоход 2022 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 6,306.0 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 73.4 ам.доллар байхаар тооцжээ. Энэ үндэн дээр ирэх онд Төсвийн тогтворжуулалтын санд зэсийн орлогоос 381.3 тэрбум, нүүрсний орлогоос 262.1 тэрбум, нийт 643.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. Түүнчлэн Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг ДНБ-д харьцуулсан харьцаа 67.2 хувьд хүрнэ гэж тооцоолсон.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 2022 онд багтаан ашиглалтад оруулж, хил холболтын цэгийн эцэслэн тохирно. Зүүнбаян-Ханги мандлын төмөрзамыг төр-хэвшлийн түншлэлээр ирэх төсвийн жилд багтааж эхлүүлнэ. Чойбалсан-Хөөт бичигт болон зүүн, баруун босоо чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дуусгана.

Хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох, аялал жуулчлалын бүс нутгийн авто замуудыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 орчим тэрбум төгрөг тусгасан байна.

Шинэ мэдээ