Тэмбүүгийн өвчлөл өндөр хувьтай байна гэв

access_time 2017-12-20 16:20

Нийслэлийн эрүүл мэндийн газраас ДЭМБ, ХӨСҮТ, АШУҮИС-тай хамтран 2017 энэ сарын 11-14-нд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвийн залуу эмч мэргэжилтнүүд, дүүргийн эрүүл мэндийн төвийн БЗДХ-ын асуудал хариуцсан тархвар судлаач, зохицуулагч нарт зориулан “БЗДХ, ХДХВ, ДОХ- ын эрт илрүүлэг оношилгоо эмчилгээ, хавьтал илрүүлгийн чиглэлээр анхан шатны эмч нарыг чадавхжуулах” сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар дамжуулан БЗДХ, тэмбүү, ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх, халдварын тархалтыг тогтоон барих үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрсдэлтэй хүн амыг шинжилгээнд бүрэн хамруулж, халдвар авсан эсэхээ хэрхэн мэдэх болон эмчилгээнд эрт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, халдвар дамжих эрсдлийг бууруулах, хавьтал илрүүлэх, эрт илрүүлэг, шинжилгээг хурдавчилсан арга зэрэг олон талын мэдээллийг хүргэж, холбогдох гарын авлага болон мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.

Сургалтанд нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 160 гаруй эмч мэргэжилтэн хамрагдаж БЗДХ-ын өвчлөл оношилгоо, илрүүлэг шинжилгээ, эмч мэргэжилтнүүд шинжилгээний аргачлалд суралцаж, БЗДХ-ын тархалтыг бууруулах хариу арга хэмжээг оновчтой төлөвлөхөд шаардлагатай суурь мэдээлэлтэй болсон юм.

Манай улсад бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) нийт халдварт өвчний дотор дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд зонхилон тохиолдох бэлгийн замын халдварт өвчин, тэмбүүгийн өвчлөл өндөр хувьтай байна.

2017 оны эхний зургаан сарын байдлаар нийслэлийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 7736 бүртгэгдсэний дотор нийт өвчлөлийн 29,8 хувийг заг хүйтэн, 40,4 хувийг тэмбүү, 29,6 хувийг трихомониаз, 0,2 хувийг ХДХВ-ийн халдвар тус, тус эзэлжээ. Улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн 2016 онд 25 тохиолдол, 2017 оны аравдугаар сарын байдлаар 33 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол бүртгэгдэж, 44 хүн нас барсан байна. ХДХВ/ДОХ нь нийт хүн амын дунд бага тархалттай, эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд манай улс багтаж буй юм.

Шинэ мэдээ