Сүрьеэ ихэнх тохиолдолд уушгийг гэмтээдэг. Энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Уушигны сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг тараадаг байна. Өөрөөр хэлбэл, уушигны сүрьеэтэй хүмүүс ханиад томуутай ижил агаар дуслын замаар бусдад халдвар тараадаг гэсэн үг. Тэдний ханиалгах,  найтаах, цэрээ хаях, тэр байтугай ярих , дуулахад ч сүрьеэгийн нян агаарт цацагдан бохирдсон энэ агаараар нь амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг байна. Гэхдээ энэ агаараар амьсгалсан хүн бүр халдвар авахгүй. Халдвартай сүрьеэтэй хүний гэр бүлийнхэн халдвар авч, биеийн эсэргүүцэл суларсан үедээ өвчлөх аюултай. Харин нийтийн унаа юмуу олон нийтийн газарт сүрьеэтэй хүн ханиалгаж байвал тэр хүнээс халдвар авах нь бага байдаг.