Дэлхий нийт 2030 он гэхэд сүрьеэ өвчний тархалтыг зогсооно

access_time 2017-12-15 10:57

ДОХ, Сүрьеэ, Хумхаа өвчин нь дан ганц улс орнуудын эрүүл мэндийн салбар тэмцээд хүчрэхгүй хил хязгааргүй тархах аюултай өвчин болохыг Нэгдсэн Үндэсний байгууллага хүлээн зөвшөөрч эдгээр өвчинтэй тэмцэхэд улс орнуудын Засгийн газраас гаргаж буй төсөв хөрөнгө дээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор анх 2002 онд Глобаль санг үүсгэн байгуулсан. Манай улс 2003 оноос өнөөг хүртэл Глобаль сангаас нийт 57 орчим сая ам.долларын санхүүжилт авч, ДОХ, Сүрьеэ өвчинтэй тэмцэхэд чиглэсэн төслүүдийг үе шаттай хэрэгжүүлээд байна. Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслөөс төслүүдийн хэрэгжилт үр дүнг өнөөдөр тайлагнаж, 2018-2020 онд хэрэгжүүлэх төслийн талаар танилцууллаа.

Сүрьеэгийн чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд нас баралтын түвшин буурч, Сүрьеэгийн тохиолдлын 85 хувийг амжилттай эмчлэх дэлхий дахины зорилтод манай улс 2015 онд хүрч эмчилгээний амжилт сайжирсан болохыг тэд хэлж байна. Түүнчлэн төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн Үндэсний лавлагаа лабораторийн чадавхи нэмэгдэж, эмэнд тэсвэржилтийг 2 цагт багтаан илрүүлэх GeneXpert аппарат,  олон эмэнд тэсвэртэй сүрьеэг оношлох ХАЙН тестийн арга гэх мэт сүрьеэг илрүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт технологи, хурдавчилсан оношлогооны аргуудыг нэвтрүүлжээ. Мөн сорьц тээвэрлэх тогтолцоог  21 аймгийн 323 суманд нэвтрүүлсэн байна.

2003-2017 онд Глобаль сангаас авсан санхүүжилтийн 39 сая ам.доллар нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулагджээ. 2006 онд анх эмэнд дасалтай сүрьеэг өөрийн оронд оношлох эмчлэх боломжийг бүрдүүлж, сүрьеэгийн эсрэг хоёрдугаар эгнээний өндөр өртөг бүхий эмийг тасралтгүй ханган нийлүүлж байгаа юм.

Эмчилгээний хугацаа урт Сүрьеэгийн эмчилгээ урт хугацаанд хийгддэг тул эмчилгээ тасалдах, үүнээс үүдэн эмэнд дасалтай сүрьеэ бий болох эрсдэл өндөр. Иймд сайн дурын иргэд, төрийн бус байгууллага, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг бэлтгэж, сүрьеэтэй өвчтөнд  хүрч үйлчлэх, эмчилгээний чанарыг сайжруулах асуудалд анхаарлаа хандуулж ирсэн. Ингэснээр сүрьеэгийн эмчилгээний амжилт олон улсын төвшнөөс дээгүүр явж байна. Сүрьеэгийн тархалт одоо оношлогдоод эмчлэгдэж байгаа дүнгээс гурав дахин их байна гэсэн судалгааны дүн гарсан байгаа.

Харин ХДХВ, ДОХ-ын халдварыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалтыг 0.1 хувиас бага төвшинд тогтоон барих мянганы хөгжлийн 6 дугаар зорилт бүрэн биелсэн, ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжсан тохиолдол гараагүй, цус цусан бүтээгдэхүүн болон эмнэлгийн багаж хэрэгслээр ХДХВ-ийн халдвар дамжсан тохиолдол гараагүй зэргийг дурдаж болно.

Дэлхий нийт 2030 он гэхэд сүрьеэ өвчний тархалтыг зогсоох, ХДХВ-ийн илрүүлэлт эмчилгээг 90-ээс дээш хувьд хүргэх зорилт тавиад буй. Манай улсад сүрьеэгийн тархалтын судалгаагаар нийт оношлогдсон сүрьеэгийн тохиолдлоос гурав дахин олон хүн халдвартай байх магадлалтай гэсэн тооцоо бий. Мөн ХДХВ-ийн илрүүрлэлт 36 орчим хувьтай байгаа. Иймд ирэх онуудад хэрэгжүүлэх төслүүд нь илрүүлэлтэд голчлон чиглэгдэнэ хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.

Шинэ мэдээ