Б.Солонго: Дэлхийн гурван хүн тутмын нэг нь сүрьеэтэй

access_time 2017-12-13 10:51

Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Нийгмийн эрүүл мэндийн магистр Б.Солонготой сүрьеэ өвчний талаар ярилцлаа.

-Манай улсад сүрьеэ өвчний тархалт хэр байна. Энэ өвчин яагаад залуужаад байна вэ?

-Сүрьеэ өвчний тархалт манай улсад өндөр байдаг. Ер нь хэн ч сүрьеэгээр өвчлөх өвчлөх эрсдэлтэй. Дэлхий дээрх 3 хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг гэсэн судалгаа бий. Сүүлийн үед залуучуудын  буюу 16-44 насныхан энэ өвчнөөр өвчилж байна. Өндөр хөгжилтэй орнуудад ахимаг насны хүмүүсийн дунд сүрьеэ илүүтэй тохиолддог бол манай улсад эсрэгээрээ ид хөдөлмөрийн насны залуус их өвчилж байгаа нь анхааралдаа авах асуудал болоод байгаа юм. Сүрьеэ өвчний тархалтад ажилгүйдэл, ядуурал, нийгэм эдийн засгийн байдал, амьдралын хэв маяг нөлөөлдөг.  Тухайлбал, Монгол Улсад бүртгэгдсэн сүрьеэтэй өвчитнүүдийн 50 хувь нь ажилгүй, 70 хувь нь амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой байх жишээтэй.

-Жилд 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгддэг гэх мэдээлэл бий. Энэ хэр ортой вэ? 

-Манай орон нь ДЭМБ-ын Ази, номхон далайн баруун эргийн бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны тоонд багтдаг.  Жилд сүрьеэ өвчний 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгддэг. Энэ бол албан ёсоор бүртгэгдсэн тоо. Үүний цаана оношлогдоогүй, эмчилж чадаагүй олон тохиолдол бий. Судалгааны үр дүнгээс харахад сүрьеэгийн тохиолдлын 1/3-ийг л оношилж, эмчилж байна гэсэн дүн гарсан байдаг. Үлдсэн хэсгийг нь  алдаад байна гэсэн үг. Энэ нь мэдээж олон хүчин зүйлээс хамааралтай. Жишээ нь, шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр сүрьеэгийн тохиолдлыг олж илрүүлэхгүй байх эрсдэл нэмэгддэг. Орон гэргүй хүмүүс ихэвчлэн бичиг баримтгүй, эсвэл бичиг баримтын зөрчилтэй байдаг нь сүрьеэгийн тусламж үйлчилгээнд хамрагдахад саад учруулж байгаа бөгөөд энэ хирээр сүрьеэгийн халдвар бусдад тараасаар байдаг. Сүүлийн үед олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, сүрьеэгийн нян эмэнд дасалтай болж байгаа юм. Сүрьеэ өвчин ихэвчлэн уушгийг гэмтээдэг ч бусад эд эрхтнийг ч мөн өвчлүүлдэг.  Уушгины сүрьеэ нь дотроо халдвартай, халдваргүй гэж хоёр янз байдаг. Уушгины бус эрхтний сүрьеэ  халдваргүй байдаг.

-Сүрьеэ өвчин тусаад эдгэрлээ. Гэтэл энэ өвчнөөр дахин өвчлөх үү?

-Сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Эмчилгээгээ бүрэн хийж, эмчийн заасны дагуу эмээ ууж хэрэглэсэн тохиолдолд эдгэрнэ. Зарим халдварт өвчнүүд тухайлбал салхин цэцэг, улаан бурхнаар хүн нэг өвчилсөн бол дахин өвчилдөггүй. Насан туршийн дархлаа тогтдог. Харин сүрьеэ бол нэг өвчилсөн ч дахин өвчлөх эрсдэлтэй.

-Хоол тэжээлийн дутмагшлаас болж сүрьеэгээр өвчлөх нь элбэг гэгддэг. Тэгэхээр энэ тал дээрээ анхаараад байвал өвчлөхгүй байх магадлал бий гэсэн үг үү?

-Тухайн хүн өвчлөх эсэх нь биеийн эсэргүүцлээс нь шалтгаална. Биеийн эсэргүүцэл сулрахад сүрьеэгийн нян идэвхждэг. Сүрьеэгийн халдвар авсан ч насан туршдаа энэ өвчнөөр өвчлөхгүй байх боломжтой. Сүрьеэ нийгмийн халдварт өвчин. Ажилгүйдэл, ядуурал нь сүрьеэгийн өвчлөлийн байдалд хамгийн их нөлөөлдөг.  Ядуурал сүрьеэг үүсгэдэг. Сүрьеэгээр өвдсөн хүн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж өрхийн орлого багасдаг. Энэ нь эргээд сүрьеэ үүсэх нөхцөл шалтгаан болдог. Сүрьеэгээс сэргийлэх хамгийн гол арга нь сүрьеэгээр өвдсөн хүмүүсээ бид эрт илрүүлж, эмчлэх шаардлагатай. Мөн биеийн эсэргүүцлээ сулруулахгүй байх, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, ажил амралтаа зөв зохицуулах, стрессгүй байх, амьдралын зөв хэвшлийг бий болгох нь чухал.

-Бидний мэдэх анхны шинж тэмдэг гэвэл 14 хоног ханиалгасан тохиолдол сүрьеэгээр өвчилсөн байж магадгүй гэж оношилдог. Ер нь ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Сүрьеэгийн үед илэрдэг түгээмэл шинж тэмдэг нь 14 хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах. Удаан хугацаагаар ханиалгасан тохиолдолд эмчид яаралтай хандах шаардлагатай. Цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах, шөнө хөлрөх, халуурах, ядрах, турах, хоолонд дургүй болох зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс эдгээр шинж тэмдгийн аль нэг нь танд илэрсэн тохиолдолд та заавал эмчид хандаж, шинжилгээ хийлгэх шаардлагатай. Мөн гэр бүлийн аль нэг гишүүн сүрьеэгээр өвчилсөн бол тухайн гэр бүлийн бүх гишүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай.

Удаан хугацаагаар ханиалгасан тохиолдолд эмчид яаралтай хандах шаардлагатай. Цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах, шөнө хөлрөх, халуурах, ядрах, турах, хоолонд дургүй болох зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг.

 

-Сүрьеэгийн өвчлөл ихсэхэд улирал нөлөөлөх үү. Манай улсад энэ өвчнөөр жилд хэчнээн хүн нас бардаг вэ?

-Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа сүрьеэгийн тохиолдлын хувь жил бүр нэмэгдсээр байна. Өнгөрсөн онд шинээр бүртгэгдсэн нийт тохиолдлын дотор өвчлөлийн 2412 /59.6 хувь/ нь Улаанбаатарт, 1576 /39 хувь/ орон нутагт, 57 /1.4 хувь/ нь хорих байгууллагад бүртгэгдсэн байх жишээтэй.  Сүрьеэ нь тохиолдлоороо халдварт өвчний дотор гуравдугаарт, нас баралтаараа нэгдүгээрт ордог өвчин ордог. Сүрьеэгийн өвчлөлийн тохиолдол хавар ихэсдэг.

-Сүрьеэг эмчлэхэд хэр хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах вэ?

-Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ нь сүрьеэгийн эсрэг эмэнд тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн өвчин тул эмчлэгдэхэд бэрхшээлтэй. Мөн өндөр өртөгтэй. Уг нь сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй.  Гэсэн хэдий ч  нэг хүнийг эмчлэх эмийн зардал, эмэнд мэдрэг сүрьеэд 80-140 мянган төгрөг, эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд 5.0-25.0 сая төгрөг байдаг.

-Иргэн би урьдчилан сэргийлж сүрьеэгийн шинжилгээ өгье гэхэд эхлээд хаана хандах вэ?

-Харьяа аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансер, өрхийн эмнэлэгтээ хандах шаардлагатай.

Шинэ мэдээ