Сүреэгээр 16-44 насныхан энэ өвчнөөр өвчилж байна

access_time 2017-12-09 10:39

Сүрьеэ өвчний тархалт манай улсад өндөр. Тэр дундаа залуучуудын  буюу 16-44 насныхан энэ өвчнөөр өвчилж байгааг нь эрүүл мэндийн салбарынхныг түгшээх болов. Өндөр хөгжилтэй орнуудад ахимаг насны хүмүүсийн дунд сүрьеэ илүүтэй тохиолддог бол манай улсад эсрэгээрээ ид хөдөлмөрийн насны залуус их өвчилж байгаа нь анхааралдаа авах асуудал болоод байна. Сүрьеэ өвчний тархалтад ажилгүйдэл, ядуурал, нийгэм эдийн засгийн байдал, амьдралын хэв маяг нөлөөлдөг. 

Гол нь сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин. Эмчилгээгээ бүрэн хийж, эмчийн заасны дагуу эмээ ууж хэрэглэсэн тохиолдолд эдгэрнэ. Тиймээс сүрьеэтэй өвчтөнг оношилсон даруйдаа эмчлэх нь хамгийн чухал арга хэмжээ юм. Эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчтөнг бүрэн төгс эмчлэх нь халдварын тархалтыг хязгаарлаж чадна гэсэн үг. Сүрьеэтэй өвчтөн хамгийн багадаа 6-8 сар эмчилгээ хийлгэнэ. Харин эмэнд тэсвэртэй сүрьеэ бол 2-3 жил эмчилгээ хийлгэнэ. Сүрьеэтэй байх магадлал өндөртэй хүн оношилуулж, эмчилгээ хийлгэхгүй бол жилд 10-20 хүнд халдвар тараах магадлалтай.

1993 оноос хойш манай орон шууд хяналттай богино хугацааны эмчилгээг буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа бодлогыг баримталдаг болсон. Энэ бодлогын хүрээнд сүрьеэгийн шинж тэмдэг, зовиур илэрсэн, 14 хоногоос дээш хугацаанд ханиалгаж байгаа хүмүүст хяналттайгаар 6-8 сар эмчилгээ хийдэг. Тэгэхээр манай орон энэ хөтөлбөрийг бараг 20 жил баримталж байгаа гэсэн үг.

Харин 2010 оны найман сарын 3-нд сүрьеэгийн тусламжийг хэн хаана явуулах вэ , хаана оношилох, эмчлэх вэ, удирдлага зохион байгуулалтын хувьд ямар зохион байгуулалттай байх вэ гэдгийг тодорхой тусгасан шинэчлэгдсэн Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Өнөөдрийн сургалтанд хамрагдаж буй сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг сүрьеэ өвчний тухай илүү өргөн хүрээг хамарсан  ойлголт, мэдлэгтэй болгохыг зорьж байгааг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тэргүүлэх зэргийн их эмч П.Янжиндулам хэлж байсан юм.

Нөгөө талаас 20 жил сүрьеэтэй тэмцэж байгаа хэрнээ одоо болтол сүрьеэгийн өвчлөл буурахгүй байна гэдэг тусламж үйлчилгээнд ямар нэгэн дутагдал байна гэсэн үг гэдгийг ч тэрбээр тодотгосон. Энэ нь нэгдүгээрт, оношилгооны хожимдолтой холбоотой. Сүрьеэгээр өвдсөн хүн 14-өөс дээш хоногоор ханиалгасан ч өөрийгөө хайхрахгүй байх тохиолдол их байна. Өнөөдрийн байдлаар сүрьеэг 21 аймаг, есөн дүүрэгт цэрний түрхэцийн шинжилгээгээр оношилдог.  Гэтэл  богино  хугацаанд илүү үр дүнтэйгээр оношилох  молекул биологийн аргууд дэлхийн нийтэд нэвтэрчихсэн. Харин тэр төхөөрөмж нь өнөөдөр манай цөөхөн эмнэлгүүдэд   хэрэглэгдэж байна. Манай улсын хувьд онош оройтох, халдварын тархалт нэмэгдэх тохиолдлууд байдаг. Онош, илрүүлэг оройтсноор эмчилгээ төдийлөн үр дүнтэй болохгүй байх нөхцөл нь бүрдэнэ гэсэн үг. Нөгөө талаас олон хүнд халдвар тараах эрсдэл дагуулж байдаг.

 

Шинэ мэдээ