МЯНГАНЫ ЗОРИЛТОД БАГТСАН СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ БОДЛОГО МОНГОЛД

access_time 2017-12-06 15:00

 

2000 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцсон 189 орны төр засгийн тэргүүнүүд “Мянганы тунхаглал” баталсан нь урьд хожид тохиогоогүй онцлох үйл явдал байлаа. Шинэ мянганы босгон дээр “Дэлхийн Засгийн газар” НҮБ-аас гаргасан энэ тунхаглалыг “Даян дэлхийд энх тайван, шударга ёс тогтоож, эв найртайгаар хөгжиж цэцэглэе” гэсэн улс орнуудын амлалт гэж энгийнээр ойлгож болно.

Үүнээс нэг жилийн дараа. Дээрх амлалтуудыг хэзээ, яаж, аль түвшин хүртэл бодит үр дүн болгон хэрэгжүүлэхийг тодорхой заасан “Мянганы хөгжлийн зорилтууд” хэмээх баримт бичгийг 2001 онд НҮБ-аас баталсан юм. Дэлхийн 188 орны хамт Монгол Улс ч 2001 онд “Мянганы хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэх амлалт авсан билээ.

НҮБ-аас дэвшүүлсэн зорилтуудыг хөгжлийн харьцуулах үзүүлэлт болгон 2005 онд манай улс “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт”-ыг баталж, 2008 онд “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” гаргасан юм. Ингэснээр манайх “Мянганы хөгжлийн зорилтууд”-ыг төрийн бодлогодоо тусгасан анхны орнуудын нэг болж байв.

Олон улсын өмнө хүлээсэн амлалт үүргээ биелүүлэх, өөрийн орны асуудлуудаа шийдэх цогц бодлого 9 зорилго, 22 зорилттой. Бодит үр дүн гаргасан байх босго хугацааг 2015 он, 2021 он хэмээн үечилж, амлалтаа хэрхэн биелүүлж байгаагаа 2 жил тутамд НҮБ-д тайлагнадаг.

2015 он. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ямар үр дүн гаргав гэдгээ эргэн харж, үнэлж цэгнэх үе ирээд байна. “Мянганы хөгжлийн зорилтууд”-д хүн амын эрүүл мэндтэй холбоотой хамгийн олон зорилт тусгагдсан байдаг. Монгол Улсын Мянганы хөгжлийн 9 үндсэн зорилгын 3 нь “хүүхдийн эндэгдлийг бууруулах, эхийн эрүүл мэндийг сайжруулах, ХДХВ/ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх” юм. Энэ удаад СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ зорилтын хэрэгжилтийн байдлаас танилцуулъя. Үүний тулд сүрьеэтэй тэмцэхийг НҮБ юуны учир тусган чухалчлав, яагаад дэлхийнхний тэргүүн зорилгын нэгд багтав гэдгийг тайлбарлая.

 

ӨНГӨРСӨН ЗУУНУУДАД СҮРЬЕЭГ “ЦАГААН ТАХАЛ”

ГЭЖ НЭРЛЭЖ БАЙВ

 

2000 жилийн өмнө эртний Грекийн эрдэмтэн Гиппократ нийтлэг тохиолддог нэгэн өвчний талаар тодорхойлон бичсэн нь өнөөгийн бидний нэрлэдгээр “сүрьеэ” байв. Энэ өвчин 80 мянган жилийн тэртээд амьтнаас хүнд анх халдварласан болохыг эрдэмтэд тогтоожээ. Тэр дундаа Энэтхэг, Хятад, Грек, Ром зэрэг олон хүн амьдарсаар ирсэн нутгуудад сүрьеэ өвчин илүү тархаж байсныг шарил бунхны олдворуудаар баталсан байдаг.

Харин сүүлд XIX зуунд Европын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон тул энэ өвчнийг “Цагаан тахал” хэмээн нэрийдэж байв. Их дэгдэлтийн энэ үед буюу 1882 онд Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгчийг анх нээснээр хүн төрөлхтөн эмчлэх аргаа олжээ. XX зууны эхэнд сүрьеэгийн эмчилгээ, судалгаа эрчимжиж, 1921 онд вакцин гаргаж авсан түүхтэй.

Сүрьеэгийн нян тоосонд 100 хоног, хөрсөнд 6 сар, усанд 150 хоног амьдрах чадвартай, гадаад орчинд маш их тэсвэртэй. Хүчилтөрөгчтэй орчинд өсч үрждэг, нарны хэт ягаан туяа болон халуунд устдаг. Сүрьеэгийн нян хүний биеийн ямар ч эрхтнийг дарангуйлж болох ч ихэнхдээ уушгийг гэмтээдэг.

Хотжилтыг дагасан ядуурал, орчны бохирдол, архи тамхи болон антибиотикийн замбараагүй хэрэглээнээс үүдэн 1980-аад оны сүүлчээр дахин хүчтэй дэгдэж, 1990-ээд он гэхэд дэлхийн хүн амын 1/3 нь сүрьеэгийн халдвар авсан гэж ДЭМБ тооцоолсон байдаг.

 

 

СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХИЙГ ДЭЛХИЙНХЭН

МЯНГАНЫ ЗОРИЛТДОО БАГТААВ

 

Дэлхийнхний өмнө тулгарсан дээрх нөхцөл байдлаас үүдэн НҮБ-аас “Мянганы хөгжлийн зорилт”-д 2015 он гэхэд сүрьеэ өвчний тархалт, нас баралтыг 1990 оны түвшнээс 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлжээ. Энэ дагуу ДЭМБ-аас 1991 онд сүрьеэтэй тэмцэх шинэ бодлого дэвшүүлсэн нь “Шууд хяналттай богино хугацааны эмчилгээ” байв. Олон улсад ДОТС гэсэн англи үгийн товчлолоор нэршигдсэн эмчилгээний энэ горим нь сүрьеэг архагшуулалгүй эдгээхэд чиглэжээ. Эмчилгээг удаашруулж цалгардуулбал сүрьеэгийн нян эмэнд дасч архагшин, цаашид эдгээх, эмчлэхэд улам төвөгтэй болдог.

Төвөгтэй гэдгийг тоо баримтаар нотолъё л доо. Эмэнд мэдрэг сүрьеэтэй нэг өвчтөнг хоёр сарын дотор ч эмчилнэ, зардал нь 20 ам.доллар, 100 хувь эдгэрнэ. Харин эмнэлгийн нэршлээр олон эмэнд тэсвэртэй архагшсан сүрьеэг 18-24 сарын турш эмчилж байж нянг дарна. Нэг курс эмчилгээний зардал 3000 ам.доллар, эмчилгээний амжилт дэлхий дахинаа 80 гаруй хувь. Бүр хүндэрсэн буюу маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэг 2 жилээс дээш хугацаанд эмчийн хатуу хяналтанд эмчилж байж үр дүн гарна. 10000-12000 ам.долларын зардал гаргадаг ч энэ хэлбэрийн сүрьеэгийн ихэнх тохиолдол нас баралтад хүргэдэг. Ийм л учраас сүрьеэг архагшуулж хүндрүүлэхгүй байхад ДЭМБ, эмнэлгүүд хамаг хүч анхаарлаа хандуулдаг болсныг өмнө дурьдсан.

 

Үзүүлэлт Ердийн сүрьеэ Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ Маш олон эмэнд

тэсвэртэй сүрьеэ

Халдварлах зам Агаараар дамждаг
Оношилгоо Цэрний шинжилгээ (энгийн арга) Өсгөвөр ба эмийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ

(төвөгтэй)

Өсгөвөр ба эмийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ

(маш төвөгтэй)

Эмчилгээний үр дүн Сайн хяналттай ДОТС хөтөлбөрөөр эмчлэхэд

100 хувь

Сайн хяналттай ОЭДС-ийн эмчилгээний үр дүн

80 хувь

50 хувиас хэтрэхгүй, ихэвчлэн эмчилгээгүй
Эмчилгээний үргэлжлэх хугацаа 6-8 сар 18-24 сар 2 жил гаруй
Эмчилгээний өртөг 20 ам.доллараас бага Дор хаяж 3000 ам.доллар 10.000 ам.доллараас дээш
Эмчилгээний гаж нөлөө Бага буюу дунд зэрэг

(хоол боловсруулах замын үйл ажиллагаа бага зэрэг алдагдах)

Их буюу хортой

(сонсгол муудах, солиорол, элэгний гэмтэл)

 

Хэдийгээр эмчилгээний ийм шинэ арга гарч, сүрьеэг бүрэн эдгээдэг болсон ч өвчтөнүүдийн цалгар, тэвчээргүй байдлаас шалтгаалан эмэнд тэсвэртэй хэлбэр буурахгүй байв.

Иймд НҮБ-аас “Сүрьеэгийн тархалтыг хумих нь дан ганц эрүүл мэндийн салбарын биш нийгмийн асуудал учраас бүх салбарынхан оролцох шаардлагатай” гэж уриалав. Үүнийгээ лоозон биш бодит ажил хэрэг болгохын тулд дэлхий даяарх сүрьеэгийн оношилгоо, эмчилгээг уялдуулах механизм бүрдүүлж өгөв. 2001 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэхэд зарцуулах хөрөнгө дайчлах, үйл ажиллагааг нягт уялдуулах санаачилга гаргаж, энэ дагуу 2002 оны 1-р сард Женев хотноо “Глобаль сан” нэртэй олон улсын байгууллага байгуулжээ. Тус сан дээрх гурван өвчинтэй тэмцэх хөрөнгө босгож, тархалт өндөртэй, бага дунд орлоготой улс орнуудад санхүүжилт өгч эхлэв. Сангаас өнөөдрийг хүртэл 140 оронд 700 гаруй зорилтот төслийг 25 тэрбум ам.доллараар санхүүжүүлжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй ДОХ-ын болон хумхаагийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийн 1/4, сүрьеэгийн 1/3 хувийг эзэлсэн дүн юм. Үр дүнд нь 1990-2013 онд сүрьеэгийн нас баралт 45 хувь буурсан нь түүхэнд гарч байгаагүй өндөр үзүүлэлт болов. 2014 оны байдлаар энэ сангийн санхүүжилтээр 7.3 сая хүн ДОХ-ын ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдаж, 12.3 сая хүн сүрьеэгээр оношлогдож, 10 сая нь эмчлэгдэж, хумхаагийн нас баралтыг 26 хувиар тус тус бууруулж чаджээ.

Одоо жил бүр 9 сая хүн сүрьеэгээр шинээр өвчилж, жилд 1.5 сая хүн буюу өдөр бүр 4000 гаруй хүн энэ өвчний улмаас хорвоог орхиж байна. Сүрьеэгийн нийт тохиолдлын 80 хувь нь 23 оронд, тэднээс Энэтхэг, Хятад, Бангладеш, Индонез, Пакистан, Филиппин гэсэн Ази тивийн 6 оронд 50 хувь нь оногддог. Эмчлэхэд төвөгтэй “эмэнд дасалтай сүрьеэ”-гийн дэлхий дээрх нийт тохиолдлын дийлэнх нь мөн Азийн бүс нутагт ногдож байна.

Шинэ мэдээ