“КАМЕРЖУУЛАЛТ” АЯНЫ ХҮРЭЭНД ИРГЭД 467 КАМЕР ШИНЭЭР СУУРИЛУУЛСАН БАЙНА.

access_time 2018-11-16 14:00

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн дэх байгууллагууд 1078 удаа хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулан, 970 удаа хяналтын шалгалт хийж, нийтийн хэв журмыг сахиулсан байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлж, таслан зогсоох чиглэлээр удаа дараагийн сургалт явуулж, хүчирхийлэл үйлдэгчийг сургалтад хамруулжээ. Тус ажлын үр дүнд хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй, үйлдэх магадлалтай хүмүүсийг бүртгэж, тэдэнд чиглэсэн оновчтой арга хэмжээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн. Үүний хажуугаар эрсдэлтэй орчинд амьдардаг, эцэг, эхийнхээ хараа хяналтаас гадуур хүүхдүүдийг бүртгэж, хяналт тавьж байгаа юм. Мөн хүүхдийг аливаа гэмт, хэрэг зөрчилд өртөхөөс урьтаж, хамгаалах,сургууль, цэцэрлэгийн орчны аюул байдлыг хангахаар эргүүл ажиллуулж, нийтийн эзэмшлийн талбайд гэрэлтүүлэг, камер суурилуулж байна. Энэ мэт ажлын үр дүнд орчин тойрондоо эргүүл ажиллуулдаг сургуулийн тоо нэмэгдэж, 250-д хүрчээ. Холбогдох албаныхны мэдээлснээр “Камержуулалт” аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүд орчин тойрондоо 467 камер шинээр суурилуулсан байна.

Шинэ мэдээ