Уулархаг нутгаар нойтон цас орно.

access_time 2024-09-12 11:03

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр есдүгээр сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Есдүгээр сарын 13-нд нутгийн зүүн хагаст, есдүгээр сарын 15-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. 

Шинэ мэдээ