Өрхийн эмч нар ажил хаяна гэв

access_time 2017-12-06 15:10

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ ЗОГСООХЫГ ШААРДАЖ хэвлэлийн бага хурал хийлээ. Тэдний хэлж байгаагаар  3000 гаруй өрхийн эмч  төрийн алба хаагчдад олгож буй 300.000 төгрөгийг авах эрхгүй байгаа гэнэ.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөвт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин орлогыг нэмэгдүүлэхийн төлөө багагүй тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, жагсаал, цуглаан, сануулах ажил хаялт хийсний үр дүнд улсын гурван талт нэмэлт хэлэлцээрийг байгуулж, улмаар эрүүл мэндийн салбарын 3 талт нэмэлт хэлэлцээрийг өнгөрсөн баасан гаригт эхлүүлж, ихэнх заалтуудыг зөвшилцөн хэдий ч өрхийн эрүүл мэндийн эмч нарт улсаас олгох 300000 төгрөгийг олгохгүй гэсэн шалтгааны улмаас хэлэлцээр цаашид үргэлжлэх боломжгүй байдалд хүрч, маргаан үүсгэх нөхцөл үүсээд байна.  Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад дээрх мөнгийг олгохгүй хэмээн ЭМЯ, Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдсэн нь өрхийн эмч ажилчдын эсэргүүцэлтэй тулгараад байна.

Шалтгаан нь 2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 16,2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага” хэмээн тодорхойлсонтой холбоотой. Гэвч өрхийн эрүүл мэндийн төвүүд нь нэг иргэнээр тооцсон тарифаар 100 хувь улсын төсвөөс санхүүждэг, эрүүл мэндийн салбарын дийлэнх ажлыг үүрч яваа байгууллага бөгөөд, зах зээлийн зарчмаар ашиг орлого олох боломжгүй нөхцөлд хөгжих гэж төрөөс үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийн төлөө зүтгэж байна. Эдгээр эмч нарыг төрийн албан хаагч биш хэмээн үзэж байгаад эмч нар их гомдолтой байгаа.
Тийм учраас Өрхийн эрүүл мэндийн төвийн 3,000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын нэрийн өмнөөс Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, Сангийн яаманд хандаж өнөөдөр шаардлага хүргүүлж байна.
Эрүүл мэндийн салбарын нийт ачааны 80 хувийг өрхийн эрүүл мэндийн төвүүд үүрч байгаа. Нийт 2,400 хүнд хүрч ажилладаг энэ хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна хэмээн үзэж байгаагаа инхүү илэрхийлж, ажил хаяхаа мэдэгдсэн юм.

Шинэ мэдээ