СУРАГЧИД ЖҮЖИГТ ТОГЛОНО

access_time 2018-05-08 10:34

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран нийслэлийн 9 дүүргийн дунд театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилго бүхий “Бидний театр” жүжгийн уралдааныг зарлаад байна.

“Бидний театр” жүжгийн уралдаанд 9 дүүрэг тус бүр 1 жүжгийг бэлтгэн оролцох бөгөөд УДЭТ-аас сонгосон 9 найруулагч жүжгүүдээ тайзнаа амилуулах юм. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас жүжгийн багийг бүрдүүлж байгаагаараа энэхүү уралдаан ихээхэн онцлогтой. Дүүрэг бүрийн хамгийн шилдэг гэсэн авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг өөрийн дүүргийг төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөнө. Жүжгийн уралдаан 2 үе шаттай явагдах бөгөөд нэгдүгээр шат, дүүргийн ерөнхий боловсролын сургууль тус бүрээс 100 хүүхдэд тухайн жүжгээ үзүүлэх үзлэгийн шатыг зохион байгуулна. Хоёрдугаар шат, нийслэлийн Улаанбаатар чуулгад 2018 оны тавдугаар сарын 8, 9-ний өдөр явагдах бөгөөд театрын урлагийн нэрт зүтгэлтнүүд жүжиг тус бүрт үнэлгээ өгч шүүн явуулна. Тус уралдаанаар шилдэг жүжиг 1, 2, 3 дугаар байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулах юм.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз уралдаанд оролцож буй жүжгүүдийг телевизийн контент болгохоос гадна театрын урлаг, үзэгчийн соёлын асуудлаар нэвтрүүлгүүдийг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгоно. 

Шинэ мэдээ