АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

access_time 2017-12-05 14:12

БОАЖЯ, Цэвэр агаар ази төсөлтэй хамтран Агаарын чанарын хяналт шинжилгээ, менежментийн асуудлаар хэвлэл мэдээллийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Энэ сарын 4-5-нд “Улаанбаатар” зочид буудалд үргэлжлэх уг сургалтад хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдээс гадна төрийн байгууллагууд, иргэний зөвлөл, зарим яам, агентлагийн төлөөлөл оролцож байгаа юм.

Арга хэмжээг БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган нээлээ. Тэрбээр “Агаар, орчин юунаас болж бохирддог, эх үүсвэр нь юу болох, түүнийг хэрхэн бууруулах, холбогдох байгууллагууд энэ чиглэлд ямар бодлого баримталж, ямар ажлуудыг хийж байгаа зэрэг зөв ойлголт, бодит мэдээллийг олон нийтэд өгөх нь юу юунаас илүү чухал байна. Тэр дундаа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд үүнд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа Агаарын чанарын хяналт шинжилгээ, менежментийн асуудлаар хэвлэл мэдээллийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх уг сургалт цаг үеэ олсон, маш чухал арга хэмжээ болж байна. Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.

Сургалтын эхний өдрийн арга хэмжээ яг одоо үргэлжилж байгаа бөгөөд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А.Цээпил БОАЖЯ, ЦУОШГ болон бусад агентлагуудын оролцоо, Агаарын чанарын эрх зүйн орчин, арга хэмжээний төлөвлөгөөний тойм мэдээллийг танилцуулсан илтгэлийг тавьсан юм. Мөн ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр Агаарын бохирдлын эх үүсвэрийн талаархи ойлголт, Агаарын чанарын хяналт шинжилгээ, Агаарын чанарын өнөөгийн төлөв байдал гэсэн сэдвүүдээр илтгэл тавилаа. Төгсгөлд нь Цэвэр агаар ази-ийн хэвлэл мэдээлэл, макетингийн менежер Роб Гарнер Агаарын бохирдлын эсрэг тэмцэхэд хэвлэл, мэдээллийн хэрэгслийг чанаржуулах нь сэдвээр илтгэсэн юм.

Харин сургалтын хоёр дахь өдөр Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, иргэний зөвлөлийн төлөөлөл тодорхой сэдвийн хүрээнд танилцуулга хийж, илтгэл тавина

Шинэ мэдээ