Монгол улсад хулгай нүүрэлчихэж

access_time 2022-11-21 09:48

Монгол улсад хулгай нүүрэлчихэж. Эрх мэдэл албан тушаалыг авлига авах хэрэгсэл гэж хардаг албан тушаалтнууд олширсноос тэр. Хөгжлийн банкны хоёр их наяд хэргийн дуулиан дуусаагүй байхад Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгай, “Богдхан” төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой хэргүүдийг шалгаж эхэлснээ зарласан. Нийт 24 обьектод нэгжлэг хийж, дөрвөн этгээдийг баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ хэргүүдтэй холбоотой Ардчилсан намаас О.Баасанхүү “Нүүрсний хэргээр шударга таваас ч шалгагдах боллоо” гэсэн мэдээлэл хийв. Төрийн удирдлагууд гэж онцолсон ч нэрийг бас л хэлсэнгүй. АН-ын хоёроо энэ хэрэгт хамаагүй гэсэн. Үүний хариуд А.Аюурсайхан гишүүн яаран нэг шанага ч нүүрсний мөнгө аваагүй гэдгээ хэллээ. Нүүрсний хулгайн хэрэгт нийт 20 их наяд буюу 6.5 тэрбум доллар тойрсон асуудлууд сөхөгдөх нь тодорхой болсон. Хөгжлийн банкны хэрэг шиг дуулиантай эхлээд дундуур нь гацчихгүй л гэж найдья. “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргээр шалгаж эхэлсэн байна. Мөн урагш, зүүн тийш чиглэсэн хоёр төмөр зам тавихад замынхаа санхүүжилтээс 3-4 дахин өндөр төсөв зарцуулсан байна гэх мэдээллүүд цацагдаж, 30-40 их наядын хулгай нүүрлэсэн гэх боллоо. Хэрэв энэ мэдээллүүд нотлогдвол ард түмний татварын мөнгөнөөс хумслагчид төрөөс холдоогүй цагт хөгжил дэвшил гэж ярихад хэцүүхэн болох нь.

Шинэ мэдээ