Агаарын бохирдол нас баралтын хоёр дахь том шалтгаан болжээ

access_time 2018-02-22 13:28

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Аюулын харанга: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа. Судалгаанд дурдсанаар, сүүлийн 10 жилийн хугацаанд 10 мянган хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, 2.7 дахин өсчээ. 2015 онд тав хүртэлх насны 435 хүүхэд уушгины үрэвслийн улмаас нас барсан бол өнөөдрийн байдлаар уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болжээ. 

Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй дүүрэгт оршин суудаг хүүхдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг судлаачид тогтоожээ. Иймээс агаарын бохирдол нь Улаанбаатар хотын хувьд онцгой байдлын түвшинд хүрсэн гэдгийг судлаачид онцгойлон мэдэгдлээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “30 жилийн турш хуримтлагдсан, их хэмжээний санхүүжилт шаардагдсан агаарын бохирдолтой тэмцэхийн тулд Засгийн газар үе шаттайгаар арга хэмжээ авах болно. Агаарын бохирдлыг буруулсан гэж би худал хэлэхгүй. Гэхдээ Засгийн газар тодорхой хэмжээний ажил хийж байна. Засгийн газрын түвшинд амны хаалтны асуудал яригдсан. Харамсалтай нь, олон нийтийн дэмжлэг аваагүй. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг сурталчилгааны ажил дутмаг явагдаж байна. Өнөөдөр бид Монгол Улсын түвшинд агаарын бохирдлын нөхцөл байдлыг харуулсан бүрэн судалгаатай боллоо. Энэ тооцоо судалгаанд тулгуурлан Засгийн газар үе шаттай арга хэмжээ авна” гэлээ.

Шинэ мэдээ